Япон, Франц улсууд Энэтхэг-Номхон далайн бүсэд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
Японы ерөнхий сайд Фумио Кишида Долоогийн бүлгийн 5 орноор хийх айлчлалаа Франц улсаас эхлүүллээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахдаа Хятад, Умард Солонгосоос ирж болзошгүй аюулгүй байдлын сорилтоос болгоомжлох үүднээс Энэтхэг номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохирсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улс Францтай цэргийн хамтарсан сургуулилт хийх, Францын Шинэ Каледони арлуудад консулын газраа байгуулах аж.
Мөн ирэх 5 дугаар сард Хирошима хотноо болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Францтай ойр хамтран ажиллахаа Кишида илэрхийлжээ. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтыг Долоогийн бүлгийн орнууд хууль дээдлэх зарчимд тулгуурласан чөлөөт нээлттэй олон улсын дэг журмыг сахиулах шийдвэрээ илэрхийлдэг газар болгох хүсэлтэй байгаагаа ч Японы ерөнхий сайд илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ хавар болох дээд уулзалт Долоогийн бүлгийн орнуудад Украинд халдсаных нь төлөө Орост тавьсан хоригийг сунгах амлалтаа харуулах, Киевийг дэмжиж байгаагаа нотлох боломж олгоно гэдгийг тэмдэглэжээ. Япон улс өнгөрсөн сард Үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлэн баталсан нь батлан хамгаалах чадавхаа иж бүрэн бэхжүүлэх зорилготой гэж Кишида тайлбарласан байна.
Аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор 2023оны дунд үе гэхэд Япон, Францын гадаад хэрэг, батлан хамгаалах яамд хооронд хоёр дээр нэмэх нь хоёр хэлэлцээг зохион байгуулахаар хоёр тал тохирсон байна. Мөн Макрон, Кишида нар хамтарсан цэргийн сургуулилт хийх зэргээр аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа нягт уялдуулахаа харилцан нотолжээ.
Японы ерөнхий сайд Европ болон Энэтхэг номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой. Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист хүчээр статус квог өөрчлөх оролдлого эрчимжиж байна гэдгийг онцолсон байна. Фумио Кишидагийн айлчлал Итали, Британи, Канад, АНУ-аар үргэлжилнэ.
Сэтгэгдэл
Zochin [192.82.81.177] 2023-01-12 13:07:13
Haa bsan japan,france enethegiin dalaid irehleer oir haviinhan durguitsdeg blgui..