Украин дахь ОХУ-ын цэргийн нэгдсэн бүлгийн командлагч солигджээ
Украинд дайтаж байгаа ОХУ-ын цэргийн нэгдсэн бүлэглэлийн командлагчаар Оросын зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимовыг томилсон байна. Оросын БХЯ өчигдөр энэ тухай мэдээлжээ. Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны хүрээнд командлалын түвшинг ахиулж байгаа нь, шийдвэрлэх зорилтын цар хүрээ өргөжиж, цэргийн төрөл, нэгж хооронд илүү ойр нягт харилцаж хамтрах шаардлагаас үүдсэн гэж Оросын БХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Герасимов өнгөрсөн оны 10-р сараас хойш энэ албыг хашиж байсан Сергей Суровикиний халааг авах юм.
Суровикин харин өөр хоёр генералын хамтаар Герасимовын орлогчоор томилогджээ. Түүнийг 10-р сард томилогдсоны дараагаас Оросын армийн стратегид өөрчлөлт орж, Украины дэд бүтцийн байгууламжуудыг онилсон нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилтууд эрчимжиж, хэд хэдэн хотын эрчим хүч, ус хангамж тасалдахад хүрсэн байдаг. Украин дахь цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойших 11 сарын хугацаанд Москвагаас томилогдож байгаа Украин дахь цэргийн хүчний 4 дэх командлагч нь ийнхүү Герасимов болж байна.
Оросын цэргүүд Украины зүүн бүс дэх Бахмут болон Соледарын орчимд удаан үргэлжилсэн, ширүүн тулаанууд хийж байгаа үед энэ томилгоо болсныг хэвлэлүүд онцолж байна. Лхагва гарагт энэ хоёр хотын нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байсан бол, оросын “Вагнер” группийн удирдагч Евгений Пригожин Соледарыг бүрэн чөлөөлсөн гэж мэдэгдэж, Донецкийн АНБУ-ын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Денис Пушилин бүгд найрамдах улсынх нь бүх нутаг дэвсгэрийг чөлөөлөх ажиллагаанд эргэлт гарсан гэж мэдэгдсэнийг оросын хэвлэлүүд уламжилжээ.
Энэ зуур Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр оройны мэдэгдэлдээ, эзлэн түрэмгийлэгчдэд бараг бүрэн сүйтгэгдсэн Соледар хотын нэг хэсгийг Оросын амжилт мэтээр харуулахыг оролдож байна гэж ярьсан байна. Мөн Украин, Оросын цэргүүдийг энэ оны эхээр нийслэл Киев рүү нь ахин өргөн хүрээтэй дайралт хийхээр төлөвлөж байж болзошгүй гэдэг үүднээс сонор сэрэмжээ нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.90] 2023-01-13 23:45:24
Орос цэрэг ялна даа харж байгаар ай.
Зочин [192.82.80.125] 2023-01-16 22:49:44
Орос хүчтэй улсыг ялж байсан түүхгүй
Мөнхжаргал [139.5.219.61] 2023-01-13 20:06:16
Хэд ч солив доо
Эндшпиль [192.82.91.181] 2023-01-13 17:02:38
Одоо ч дуусгах шатандаа орлоо.