Стратегийн нүүдлүүд Ази руу чиглэх ч, гол тоглогч нь БНХАУ биш

Aдмин / Гадаад мэдээ

Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, Орос Украйны дайны амаргүй цаг үе, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, эрчим хүчний хомсдол гээд асуудлууд нь ар араасаа хөвөрсөн 2023 он эхлээд арав гаруй хонож байна. Гурван он дамнасан Ковидын сөрөг нөлөө энэ жилдээ багтаж арилах уу, эдийн засаг нийгмийн шинэ эрсдлүүд юу байх вэ, дэлхийн худалдаа эдийн засагт эерэг үр дүн гарах уу зэрэг олон таамаг дэлхийн хэвлэл мэдээллийн хуудаснаа хөвөрсөөр байна.

АНУ-ын дотоодын улс төр бужигнаж магадгүй

Дэлхийн гол тоглогчийн хувьд АНУ-ын улс төрийн нөхцөл байдал энэ онд нэлээд асуулт дагуулж мэдэхээр байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Конгрессоор амжилттай батлуулсан боловч, сөрөг хүчнээс нэлээд хатуухан шүүмжлэлийг хүлээх болжээ. Ингэснээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг дахин нэр дэвших боломжгүй хэмээн нам дотроо хэлэлцэж, оронд нь Ардчилсан намаас Дональд Трамптай өрсөлдөх хүчирхэг нэр дэвшигч хайх эрэлд гарсан гэхэд болно.

Хятад Америкийн хямрал үргэлжлэх нь их гүрнүүдэд аль алинд нь ашиггүй

БНХАУ-ын хувьд Ковидын хоригоо цуцалж, хилээ нээсэн нь улс орных эдийн засгийг нэмэгдүүлэхэд томоохон ахиц авчрах хэдий ч бусад улс орнууд хятадын эрүүл мэндийн мэдээллүүд, өдөрт өвчилж байгаа иргэдийн тоо зэргээс ихээхэн болгоомжилж, үүд хаалгаа нээхдээ тийм ч дуртай биш байгаа юм. Хүссэн хүсээгүй, БНХАУ дахь өвчлөлийн байдал, ДЭМБ-ын мэдэгдэл, ковидын үл мэдэгдэх хувилбарууд нэмэгдэх эсэх зэрэг нь энэ жил ч үргэлжилж, дэлхий дахинаа “түгшүүр”-ийн дохио унтрах болоогүйг сануулсаар байна.

Энэтхэг “Их 20”-д ирнэ

Тэрбум хагас хүнтэй манай өмнөд хөрш дэлхийн хамгийн олон хүн амтай улсын статусаа Энэтхэг улсад хэзээ шилжүүлэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн хүн ам Хятадын хүн амын тоог давж, ингэснээр Азид шинэ тоглогчид орж ирэх болж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсноор Энэтхэг улс Их 20, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг нөлөө бүхий уулзалтуудад суудал эзлэн “тухална”. Тиймээс Ази руу чиглэсэн геополитикийн гол тоглогчид Хятад бус, бусад улс орнууд руу анхаарал нэлээн чиглүүлэх болж байна.

Эдийн засгийн “цаг агаар” бүхэлдээ сайнгүй байх нь

Цар тахлын дараах нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тэгтлээ сайжрахгүй төлөвтэй байгааг дэлхийн санхүүгийн шинжээчид, хэвлэлүүд онцлон мэдэгдэв.
Жишээ нь, “Таймс” сэтгүүл энэ оны 10 эрсдлийн тэргүүн эгнээнд эдийн засгийн хямралыг нэрлэсэн байна. Европын орнууд тэр дундаа ХБНГУ тэргүүтэй хөгшин тивийн улс орнуудад үүсээд байгаа эрчим хүчний асуудал энэ онд ч үргэлжлэх нь тодорхой юм. Украйны дайн эрчим хүч, дэлхий нийтийн байгалийн баялгийн нөөцөд нөлөөлсний улмаас эдийн засаг бүхэлдээ хүлээлттэй, тийм ч өндөр өсөлттэй байж чадахгүй нь тоон баримтаас ч харагдаж буй.

Хэдийгээр энэ тоо буурах магадлалтай ч оны төгсгөл гэхэд шууд багасах боломжгүйг эдийн засгийн сэтгүүлүүд онцлон дурдсан байна. Аргентин буюу Хойд Америкийн улс орнуудад ч долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгт суларсан байдалтай, санхүүгийн зах зээл хямрах магадлал 97 хувьтай байгаа аж. Аргентины хямралтай зэрэгцэн Шри Ланк улсад удаан хугацаанд бий болоод байгаа эдийн засгийн нөхцөл байдал аюулын төвшин хэвээр байх нь. Энэ мэтээр дэлхий дахинд эдийн засгийн сэргэлт ирэх эсэх нь тун эргэлзээтэй жилийг бид угтаж байна. Улс орнуудын эдийн засгийн чадавхи буурснаас гадна газрын тос, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, эрчим хүчний доголдол зэргээс шалтгаалж 2023 оныг хүчин чармайлт шаардсан жил болох нь гэж дүгнэжээ.

Timeline

Нэгдүгээр сарын 16-20:
Давосын чуулга уулзалт

Нэгдүгээр сарын 27:
Парисын энх тайвны чуулганы 50 жилийн ой

Хоёрдугаар сар:
Африкийн улсуудын чуулга уулзалт

Гуравдугаар сарын 2:
Дэлхийн Мобайл хэрэглэгчдийн чуулган

Гуравдугаар сарын 8:
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

Гуравдугаар сарын 20-21:

Европын Хүмүүнлэгийн хоёрдугаар форум

Гуравдугаар сарын 22-24:
Нэгдсэн үндэстний байгууллагаас усны өдрийг тэмдэглэнэ

Эхний улирал:
Франц, Их Британийн Батлан хамгаалахын дээд хэмжээний уулзалт

Тавдугаар сарын 6:
Их Британийн Хаан III Чарлз тангараг өргөнө

Тавдугаар сарын 7:

Тайландын Ерөнхий сонгууль болно

Тавдугаар сарын 19-21:
"Их 7" уулзалт Японд болно.

Зургадугаар сарын 20:
Дэлхийн Дүрвэгсдийн өдрийг тэмдэглэнэ

Долдугаар сар:
Орос-Африкийн хамтарсан уулзалт болно

Долдугаар сар 10-19:
Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болно

Долдугаар сар 11-12:
НАТО уулзалт болно.

Есдүгээр сарын 9-10:
"Их 20" уулзалт

Есдүгээр сарын 25-30:
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.