Францын цагдаа нарыг ажил хаялтад нэгдэхийг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын цагдаагийн ажилтнуудын эрхийг хамгаалагч үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийн эсрэг орон даяар зохион байгуулах ажил хаялтад оролцохыг цагдаа нарт уриаллаа гэж “Les Echos” сонин мэдээлжээ. Тус сонинд мэдээлж буйгаар, “нэгдүгээр сарын 19-нд буюу пүрэв гарагт Францын хотын гудамжуудад цагдаагийн ажилтнуудын зарим нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажиллагааны үеэр дэг журам сахиулах бол зарим нь эсэргүүцлийн жагсаалд оролцож магадгүй байна”. Пүрэв гарагт амрах хууль сахиулах байгууллагын ажилтнууд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа бол "цагдаагийн алба хаагчдын нөлөө бүхий үйлдвэрчний эвлэлүүд" холбогдох уриалгыг гаргасан байна.

Францын эрх баригчдын санал болгож буй тэтгэврийн шинэчлэл нь хууль сахиулах байгууллагын ажилтнуудад ч нөлөөлөх юм. “Les Echos” сонинд тэмдэглэснээр, тус улсад тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол цагдаагийн ажилтнуудын хувьд одоогийн 52 насыг 54 болгохоор төлөвлөж байгаа аж.

Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен дээрх шинэчлэлтэй холбогдуулан мэдэгдэхдээ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь "Францын цагдаа нарын ердөө хоёрхон хувьд" нөлөөлнө гэжээ. “Хэдийгээр цагдаагийн алба хаагчдын хувьд тэтгэвэрт гарах нас одоо 52 байгаа ч бодит байдал дээр цагдаа нар 57 настайдаа гавьяаны амралтаа авдаг. Тиймээс тэтгэврийн шинэчлэл цагдаагийн ихэнх ажилтанд нөлөөлөхгүй” гэж Дарманен лхагва гарагт “RTL” радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Францын нөлөө бүхий үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн зохион байгуулахаар төлөвлөсөн эхний эсэргүүцлийн ажиллагаагаа өнөөдөр буюу пүрэв гарагт зохион байгуулна.

Лхагва гарагт бүс нутгуудаас ирсэн мэдээллүүдээс үзэхэд, засгийн газрын төслийг эсэргүүцсэн ажиллагаа энэ удаад өргөн цар хүрээтэй болох төлөвтэй байгаа бөгөөд орон даяар 750 мянга хүртэл хүн оролцож магадгүй байна. Францын цагдаа, жандарм эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан 10 мянган ажилтнаа дайчилжээ. Зөвхөн нийслэлд л гэхэд 3500 хууль сахиулагч үүрэг гүйцэтгэнэ.

Францын эрх баригчид тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа хүн ам зүйн болон санхүүгийн шалтгаантай гэж тайлбарлаж байна. Тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 85, эрэгтэйчүүдийнх 79 болжээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, тэтгэврийн төсөв алдагдалтай гарах болсон байна.

2020 онд Франц улс тэтгэврийн зардалд 331.6 тэрбум евро зарцуулсан нь ДНБ-ий 14.4 хувьтай тэнцжээ. Парист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын статистикаас харахад 60-64 насны францчууд тэтгэвэрт гарах нас нь өндөр байдаг Европын бусад оронтой харьцуулахад бага цагаар ажилладаг байна. Энэ нь системийн санхүүжилтэд хүндрэл учруулдаг аж. Францын үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд дараагийн эсэргүүцлийн ажиллагаа нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 6-нд болж магадгүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.