БНХАУ эдийн засгийн өсөлтөө эргэн сэргээнэ
БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ эдийн засгийн өсөлт нь хэвийн горимдоо орж, эргэн сэргэнэ гэсэн өөдрөг төсөөллийг Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс илэрхийлжээ. Хятадын засгийн газар ойрын хэдэн сард импортын хэмжээ мэдэгдэхүйц түвшин нэмэгдэж, компаниудын хөрөнгө оруулалт тэлж, байнгын хэрэглээний дадал зуршилдаа эргэн орно гэж тооцоолж байгаа юм байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс бараг гурван жил цар тахлын хөл хорио хязгаарлалтын дараа шаргуу хүчин чармайлт гаргаж, 2023 онд эдийн засгийн өсөлтөө хэвийн голдиролд нь оруулахаар зорьж байна.
Бээжин ковид-19 цар тахлын хатуу хязгаарлалтаа өнгөрсөн 12-р сараас эхлэн сулруулсаар энэ оны эхээр хилээ нээсэн нь эдийн засаг сэргэх гол хөшүүрэг болсон гэж үзэж байна. Цар тахлын хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн уналтаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүрч буурсан.
Гэхдээ хилээ нээж гадаад дотоод аялал жуулчлал сэргэсэн нь эдийн засаг сэргэх суурийг тавьж байна гэж төрийн зөвлөлийн дэд сайд нь дүгнэжээ. Хятадын эдийн засаг 2022 онд дөнгөж 3 хувиар өссөн нь өмнөх 2021 оны 8,1 хувийн өсөлттэй харьцуулахад 50 хувьд нь ч хүрээгүй сул өсөлт болсон. Энэ бол 1970 оноос хойш эдийн засгийн өсөлт хамгийн муу гарсан хоёр дахь тохиолдол болсон.
Цар тахлын улмаас 2020 онд тус улсын эдийн засаг 2,4 хувийн өсөлттэй гарсан юм. Одоо Хятадын засгийн газар банкны нийт зээлийн 40 хувь, орон нутгийн засаг захиргааны орлогын 50 хувийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих чиглэлд ихээхэн чармайлт гарган ажиллахаар зорьж байна.
Сэтгэгдэл