“Үнийн тааз”-ны нөлөөлөл ба үнийн өсөлтийн төлөв
Оросын түүхий нефтэнд үнийн дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг “Их7”, Европын Холбоо ба Австрали улс гаргаснаас хойш яг 45 хоног өнгөрч байна. Уг шийдвэрийн дагуу 12 дугаар сарын 5-наас эхлэн нефть тээвэрлэгч хөлөг онгоцоор /танкер/ далайгаар зөөвөрлөж буй Оросын түүхий нефтийн үнэ 60 доллароос хэтрэх ёсгүй бөгөөд хэтэрсэн тохиолдолд G7-гийн гишүүн орнуудын банкууд тухайн худалдааны хэлцлийг санхүүжүүлэхгүй, даатгалын компаниуд тээврийн даатгал хийхгүй юм. Улмаар 2 дугаар сарын 5-наас Оросын нефтийн бүтээгдэхүүнд “үнийн тааз” /price ceiling/ үйлчилж эхэлнэ.
Гэхдээ Болгар, Хорват, Унгар, Словак, Чех улсууд өмнөх тохиролцооны дагуу “Дружба” хоолойгоор Оросоос нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн авахаас гадна «Сахалин-2» төслийн хүрээнд Японд нийлүүлж буй нефтийн үнэд хязгаар тогтоогоогүй ажээ.
Барууны орнуудын шийдвэр нь нефть ба нефтийн бүтээгдэхүүний борлуулалтаас Оросын төсөвт орж буй орлогыг багасгаж, ингэснээр Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааг санхүүжүүлэх боломжийг хязгаарлах зорилготой юм. Эл шийдвэрийн хариуд Оросын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, “үнийн дээд хязгаар”-ыг шууд ба шууд бусаар дэмжиж буй улс орнуудад Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг 2 дугаар сарын 1-нээс эхлэн хориглолоо. Тэгэхээр “үнийн тааз”-ын нөлөөгөөр нефтийн зах зээлд ямар өөрчлөлт гарав, цаашдаа үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь шинжээчдийн анхаарлыг татах нь зүйн хэрэг.
Орост үзүүлэх нөлөөлөл
Оросын Сангийн яамны мэдээллээр, 12 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 14 хүртэлх хугацаанд экспортонд гаргадаг Urals маркийн нефтийн дундаж үнэ 46,82 доллар байжээ. Гэтэл Брент маркийн нефтийн үнэ 86-87 доллар орчимд байгаа юм.
Блүүмбэрг агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Оросын түүхий нефтэнд үнийн дээд хязгаар тогтоосноос хойших 45 хоногийн хугацаанд Орос улс өдөр бүр 172 сая доллар алдаж байсан бол 2 дугаар сарын 5-наас нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар үйлчилж эхэлснээр уг алдагдал өдөрт 280 сая долларт хүрэх төлөвтэй байна.
45 хоног гэдэг нь барууныхны нэрлэснээр “шилжилтийн үе” бөгөөд эл хугацаа өнгөрсний дараа дээрх 60 доллар гэх “үнийн тааз”-ыг намсгах эсвэл өндөрсгөх эсэхийг шийдэх ажээ. Гэхдээ нефтийн орлого буурснаас үүдэн Оросын эдийн засаг шууд хямралд орно гэсэн ойлголт үгүй. Барууны хоригийн улмаас 2023 онд хүлээх алдагдал нь 2020 оны ковидын үеийнхтэй дүйцэх ба Украинд явуулж буй цэргийн ажиллагааны санхүүжилтэнд нөлөөлөхгүй. Учир нь, оросууд нефть, хийнээс олсон ашгаа Холбооны нөөцийн сан, Үндэсний баялгийн сандаа хангалттай хэмжээгээр хуримтлуулсан тул үнэ огцом унасан ч гэсэн 1-1,5 жилийн хугацаанд байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд хүндрэл үүсэхгүй. Харин ашигт малтмалын шинэ ордуудыг нээн илрүүлэх, ногоон технологийг хөгжүүлэх гэх мэт ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт буурах ба үүний улмаас Орос улс “эрчим хүчний супер гүрэн” гэдэг статусаа алдаж болзошгүй.
Барууныхан үнийн тааз тогтооно гэдэг нь нэлээд хэдэн сарын өмнөөс тодорхой болсон тул Европын зах зээл дэх орон зайгаа аажмаар алдаж эхэлсэн Оросын компаниуд Азийн зах зээлд идэвхийлэн ажиллаж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Ази руу чиглэсэн Оросын нефтийн экспорт 3 дахин өссөн бол Саудын Арабаас Европт нийлүүлж буй нефтийн хэмжээ 17 хувиар нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, Оросын тал Хятад, Энэтхэг зэрэг стратегийн түншүүддээ хөнгөлөлттэй үнээр нефтиэ зарах замаар Азийн зах зээл дэх орон зайгаа тэлж байгаа бол саудын арабчууд Европ дахь суларсан сегментийг нөхөх байдлаар ажиллаж байна.
Үнийн дээд хязгаар тогтсон нь Азийн худалдан авагчдын хувьд Оросын нефтийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг нээлээ. Хятад, Энэтхэг хоёр уг шийдвэрт албан ёсоор нэгдээгүй бөгөөд хязгаар тогтоосон боломжийг ашиглаад Оросын түүхий нефтийг нэлээд хямдруулан авч байгаа бололтой. Гэхдээ хэдий хэрийн хөнгөлөлттэйгээр Оросын нефтийг худалдан авч байгаа нь одоохондоо тодорхойгүй байгаа боловч шинжээчдийн багцаалж байгаагаар, баррель тутмаас 20-30 долларын хөнгөлөлт эдэлж байгаа бололтой. Тухайлбал, Urals маркийн түүхий нефтийг энэтхэгчүүд 35 доллароор хямд худалдан авч байгаа гэх мэдээ бий. Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Оросын хямд үнэтэй түүхий газрын тосыг бусад эх үүсвэрээс авсан нефтьтэй хольж, реэкспорт хийх нь ашигтай бизнес болж хувирчээ. Жишээ нь, Сингапурын компаниуд 2021 онтой харьцуулахад 40 дахин их хэмжээний түүхий нефтийг Оросоос худалдан авсан байна.
Үр дагавар, болгоомжлол
Үнийн дээд хязгаарыг дэмжиж буй улсуудад нефть нийлүүлэхгүй гэж Путин шийдвэрлэснээр урт хугацаандаа нефтийн үнэ өснө гэсэн таамгийг шинжээчид дэмжиж байна. Энэ нөхцөлд үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд нефть олборлогч орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлэх шаардлагатай болно, харин ОПЕК+ ийм шийдвэр гаргах магадлал бага. Хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол нефтийн үнэ эрс өссөнөөр үнийн тааз тогтоосон G7-гийн орнуудын өөрсдийнх нь эдийн засагт хохиролтой.
Үнийн хязгаар тогтоосон нь зах зээлд нэгэнт тогтсон дүрэм журмыг алдагдуулж, улмаар иймэрхүү хязгаарлалтуудыг байгалийн хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрт тогтоох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, бямба гарагт АНУ тэргүүтэй барууны орнуудын төлөөлөгчид цахимаар хуралдах үеэрээ Оросын нефтийн бүтээгдэхүүнд төрөл ангиллаас нь хамаарч хоёр өөр “үнийн тааз” тогтоохоор тохиролцжээ. Тодруулбал, дизель түлш, бензин, онгоц түлш гэх мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд ба мазут зэрэг хямд бүтээгдэхүүнүүдэд тус тусад нь үнийн хязгаар тогтоохоор шийдвэрлэсэн байна. Учир нь, дэлхийн зах зээлд нэг тн дизель түлш 850 долларын үнэтэй байдаг бол мазут 350 доллар байдаг ажээ. Гэтэл эрс өөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд нэгэн ижил үнийн хязгаар тогтоосноор Оросын боловсруулах үйлдвэрүүдийн хувьд керосин, дизель түлшээ экспортлох сонирхолгүй болж, үүний улмаас олон улсын зах зээлд хомсдол үүсэхээс барууныхан болгоомжилж байгаа бололтой.
Ингэхдээ нефтийн бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоох нь түүхий нефтэнд хязгаар тогтоохоос илүү нарийн төвөгтэй гэдгийг G7-гийн орнууд хүлээн зөвшөөрч байна.
Ташрамд дурдахад, 2023 оноос эхлэн ОХУ манай улсад нийлүүлж буй дизель түлшээ олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямдруулах, нэг тонн АИ-92 автобензиний үнийг 815 доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар шийдвэрлээд байгаа билээ.
Монгол Улс жилдээ 1,6 сая тн нефтийн бүтээгдэхүүнийг Орос улсаас худалдан авдаг нь тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортын 1 орчим хувийг эзэлж байна. Гэтэл үүнийг зарим хүмүүс “далайд дусал мэт” гэж ярьдаг нь маш оновчгүй зүйрлэл юм. Эрчим хүчний супер гүрний экспортод 1+%-ийг эзэлнэ гэдэг бол чамлахаар үзүүлэлт огтхон ч биш ээ.
Одоогийн байдлаар, Оросын нефтийн бүтээгдэхүүнд тогтоосон үнийн тааз ирэх сарын 5-наас үйлчилж эхэлснээс хойш үнэ ханш хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглахад төвөгтэй байна. Үнийн дээд хязгаар гэхээсээ илүүтэй Хятад улс хилээ нээсний дараа эдийн засаг нь хэр идэвхжих вэ гэдгээс түүхий нефть ба нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт шалтгаалах төлөвтэй.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл