Ираны мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод цэгт хүрч унав

Aдмин / Гадаад мэдээ

Өрнөдтэй харилцаа нь хурцдаж, дотооддоо үймээн самуунтай байгаа үед Ираны мөнгөн тэмдэгт Риалийн ханш түүхэнд байгаагүйгээр унажээ. Ням гарагт албан бус арилжааны явцад нэг америк доллар анх удаа 450 мянган риалаас давсан байна. Өнгөрөгч 12-р сарын сүүлээр америк доллартой харьцах риалийн ханш 440 мянга гаруйд хүрч огцом унасны дараа Ираны төв банкны захирал асан Али Салехабадийг огцруулсан байна. Түүний оронд тавигдсан Мохаммад Реза Фарзин инфляц 40 хувьд хүрсэн үед үнийг тогтвортой барих үүднээс наад захын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний импортод зориулж валютын ханшийг 285 мянган риалийн түвшинд барих амлалт өгч байжээ.

Тэрээр бямба гарагт мэдэгдэхдээ, “өнөөдөр Төв банк валют болон алтны нөөцийн хувьд ямар ч хязгаарлалттай тулгараагүй, гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан дэгдээж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа үйл ажиллагаа валютын ханшийн хэлбэлзлийн гол шалтгаан болж байна” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрөгч бямба гарагт риалийн ханш дахин эрс унасны дараа Ираны Төв банк, АНУ-ын хориг арга хэмжээг үл хайхран Ираны 326 сая ам.доллартой тэнцэх мөнгийг Иракаас татан авч, зах зээлд нийлүүлсэн гэж мэдээлжээ. Мөн Европын холбоо Ираны эсрэг 4 дэх багц хоригийг хэлэлцэж, энэ хүрээнд “Исламын хувьсгалыг хамгаалах хороо” байгууллагын гишүүдийн эсрэг энэ 7 хоногоос шинэ хориг хязгаарлалтууд нэвтрүүлэх гэж байгаа тухай дипломат эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн Европын холбооны өөр зарим гишүүд Ираны энэ байгууллагыг “террорист байгууллага”-ын ангилалд оруулах байр суурьтай байна. Тавь шахам хувийн инфляцад өртсөн Ираны ард иргэд хадгаламж, мөнгөн хөрөнгөө баталгаажуулах арга зам эрэлхийлж, доллар зэрэг хатуу валют эсвэл алт худалдаж авахыг чармайж байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.