Их хэмжээний цас орсны улмаас Японд 400 орчим нислэг цуцлагджээ
Япон тэнгисийн эрэг дагуух хэд хэдэн муж болон Хоншю арлын зүүн хойд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас тус улсад дотоодын 397 нислэг цуцлагджээ. Тодруулбал, Японы агаарын тээврийн томоохон компаниуд болох "Japan Airlines", "All Nippon Airways", мөн хэд хэдэн жижиг компаниудын нислэг саатсан байна. Үүнээс өмнө 235 нислэг цуцлагдсан гэж мэдээлж байв. Их хэмжээний цас орсны улмаас төмөр замын “JR” компани мөн Хоншю арлын хойд болон зүүн хойд хэсгийн тодорхой хэсгүүдэд “шинкансен” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг лхагва гаргийг дуустал зогсоосон байна. Түүнчлэн өөр хэд хэдэн шугамд галт тэрэгний хуваарьт хоцролт, өөрчлөлт оржээ.
Японы авто замын хөдөлгөөнд мөн хүндрэл үүсжээ. “NHK” телевизийн сувгийн мэдээлснээр, улсын хэмжээнд 10 гаруй хурдны замын хөдөлгөөний зарим хэсгийг хаажээ. Тус улсын баруун хэсэгт орших Кансай мужийн Осака, Киото хотуудын замуудад хэдэн арван километр үргэлжилсэн урт түгжрэл үүссэн байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Японы хойд болон зүүн хойд бүсийн нутгаар лхагва гарагт 60-80 см зузаан цас орж, агаарын температур 10 жилд нэгээс илүүгүй удаа тохиолддог хамгийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Өнөө өглөө Хоккайдо мужийн Саппоро хотод Цельсийн -13 хэм, Токиод өнгөрсөн шөнө -3-аас -4 хэм хүрч хүйтэрчээ.
Сэтгэгдэл