ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэхээр боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэхээр болсон талаараа даваа гарагт мэдэгдлээ. Гэхдээ ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин энэ онд цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарлах үеийг даван туулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ онд дэлхий нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог бууруулж, нас барсан тохиолдлын тоог боломжит хамгийн доод түвшинд хүргэх шинэ үе шатанд шилжиж, харин эрүүл мэндийн тогтолцоо “COVID-19”-ийг цогцоор нь тогтвортой даван туулах боломжтой болно гэж бид урьдын адил найдаж байна” хэмээн Т.Гебрейесус мэдэгдэлдээ дурджээ.
ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсаны дүнд Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр анх илэрсэн вирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал үргэлжлүүлэн зарлахыг Т.Гебрейесуст зөвлөсөн байна. ДЭМБ 2020 оны нэгдүгээр сард онцгой байдал зарлаж байв. Энэ сарын эхээр АНУ-ын эрх баригчид онцгой байдал зарлах шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл сунгасан юм.
Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Т.Гебрейесус, “Өдгөө дэлхий дахин жилийн өмнө “омикрон” хувилбар тархаж эхэлж байсан үетэй харьцуулахад хавьгүй илүү нөхцөл байдалд байна” гэв. ДЭМБ-ын тооцоогоор, дэлхийн хүн амын 90 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авснаар “COVID-19”-ийн тодорхой хэмжээний дархлаа тогтжээ.
Мөн ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн оны хоёрдугаар сард “омикрон”-ы давлагааны үеэр дээд цэгтээ хүрснээсээ хойш 70 хувиар буураад байна. Гэхдээ дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсад өнгөрсөн 12 дугаар сараас ийм тохиолдлын тоо өсөж эхэлжээ.
“COVID-19”-ийн тандалт судалгааны ажил хумигдаж, генийн дараалал тогтоох шинжилгээний тоо буурч байгаа тул хувилбаруудын тархалтыг тандах, шинээр илэрч буй хувилбаруудыг илрүүлэхэд хүндрэлтэй байгааг Т.Гебрейесус баасан гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, өндөр настай тун цөөн хүн вакцинд бүрэн хамрагдаж, олон хүн вирусний эсрэг эмүүдийг хэрэглэх боломжгүй байна.
“Энэ вирусийг дутуу үнэлж болохгүй. Вирус эрдэмтэн судлаачдыг гайхшруулсаар байгаа, цаашид ч бид эрүүл мэндийн хэрэгслүүдийг хэрэгтэй байгаа хүмүүст хүргэх, ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахгүй бол хүмүүс халдвараар нас барсаар байх болно” гэж ДЭМБ-ын тэргүүн баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Т.Гебрейесус өнгөрсөн есдүгээр сард хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, дэлхий дахин “COVID-19”-ийг зогсооход үүнээс илүү байр суурьд хүрч байгаагүй гэдгийг тодотгоод, эцсийг нь үзэх хараахан болоогүй байгаа ч төгсгөл ойртож байна гэж хэлж байсан. Харин өнгөрсөн сард цар тахлын онцгой байдлын үе дуусахад урьд өмнөхөөсөө улам ойртоод байна гэж мэдэгдэж байв.
Сэтгэгдэл