ОУОХ: Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдээ баримталж байгаа

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс долоо хоногийн дараа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Украин руу довтолсонтой нь холбогдуулан тус улсын эсрэг авсан хориг хэмжээнүүдээ баримталж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ. ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Поздняковын мягмар гаргийн өглөө сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн хариуд ОУОХ-ноос ийм мэдэгдэл хийжээ. Европт болох тэмцээн уралдаанд оролцохыг нь хориглоод байгаа Орос, Беларусийн тамирчид Азийн сонгон шалгаруулалтын системээр дамжуулан 2024 оны Парисын Олимпод оролцох эрх авч магадгүй талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан юм.

Харин ОУОХ-ны “Twitter” хуудсанд мэдээлснээр, “Орос, Беларусь улсуудын төр, засгийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг дахин хэлэлцэх шаардлага байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр болсон хуралдаанаар тэдгээрийг санал нэгтэй баталжээ.”

Тэдгээр хориг арга хэмжээнүүдэд Орос, Беларусийн төрийн албан тушаалтнуудыг олон улсын спортын тэмцээн уралдаанд урихгүй байх, нутаг дэвсгэрт нь спортын тэмцээн зохион байгуулахгүй байх зэргийг тусгасан байна. Гэвч Азийн олимпын зөвлөл Орос, Беларусийн тамирчдад Азид тэмцээн уралдаанд өрсөлдөх боломжийг санал болгосон гэж өнгөрсөн долоо хоногт ОУОХ мэдэгдсэн нь Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг шаардсаар ирсэн Киевийн шүүмжлэлтэй тулгарчээ.

С.Поздняков сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, “ОУОХ манай тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжийг олгох оролдлогыг хийж байна. Магадгүй дараагийн Олимпын наадмууд ч байж болох юм, тэгвэл мэдээж хэрэг бид талархалтайгаар хүлээж авах болно” гэсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг 2024 оны Олимпод оролцохыг зөвшөөрөх нь “терроризмыг ямарваа нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч байгаагаас” өөрцгүй явдал болно гэж мэдэгдсэн байна.

“Манай улс Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпод оролцохыг хориглох тал дээр олон улсын дэмжлэгийг авна гэж найдаж байна” хэмээн тус улсын Спортын сайд мягмар гарагт мэдэгдсэн бол албаны төлөөлөгчид мөн тэднийг тэмцээнд оролцохыг зөвшөөрвөл наадмыг “бойкотлож” магадгүй хэмээн ярьж байна.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсноос хойш спортын олон байгууллага эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Оросын баг, тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хассан бол ОУОХ Орост болох тэмцээнүүдийг цуцлахыг зөвлөсөн бөгөөд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустай оролцож байгаа юм. ОУОХ 2024 онд Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан статустай оролцуулахыг эрмэлзэж байгаа, энэ нь Олимпын далбаан дор өрсөлдөнө гэсэн үг боловч тэд сонгон шалгаруулалтад оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

ОУОХ өнгөрсөн долоо хоногт “ямар ч тамирчныг зөвхөн иргэншлийнх нь улмаас тэмцээн уралдаанаас хасаж болохгүй” гэж мэдэгдсэн. Саяхан болсон Австралийн нээлттэй тэмцээнд Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статустайгаар өрсөлдөх боломжтой байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.