АНУ Мьянмарын албан тушаалтнууд болон цэргийн байгууллагуудад хориг тогтоов

Aдмин / Гадаад мэдээ

Мьянмарын иргэний засгийн газрыг түлхэн унагасан төрийн эргэлтийн хоёр жилийн ойн дээр АНУ Мьянмарын цэргийн эрх баригчидтай холбоотой хувь хүн, байгууллагуудад хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын Сангийн яамны мягмар гарагт хийсэн мэдэгдлээс үзвэл, хориг арга хэмжээний жагсаалтад гурван аж ахуйн нэгж, зургаан хүнийг нэмж оруулжээ. Хоригт өртсөн гурван байгууллагуудын тоонд, 2020 оны 11-р сард болсон бүх нийтийн сонгуулийн дүнг үгүйсгэсэн Хунтын дэглэмийн хяналтан дахь Сонгуулийн хороо багтсан байна. Харин албан тушаалтнууд дунд, Хунтын дэглэмээс томилогдсон Эрчим хүчний сайд болон төрийн өмчит хоёр компанийн захирал багтжээ.

Тэд хунтын дэглэмийнхэнд газрын тос, байгалийн хийн экспортоос 1 тэрбум гаруй ам.долларын орлого олоход нь хүчин тусалж байгааг АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Их Британи, Канад улсуудтай хамтран хэрэгжүүлэх энэ хоригийн хүрээнд дээрх хувь хүн, байгууллагуудын хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээ багтах юм байна. Мьянмарын ард түмний эрх баригчдаа өөрсдөө сонгох боломжийг хаахын тулд хунтын дэглэм сүүлийн хоёр жилийн туршид хүчирхийлэл, дарангуйлал ашигласан гэж АНУ-ын Сангийн яам үзжээ.

2021 оны 2-р сарын 1-нд Мьянмарт цэргийнхний төрийн эргэлт болсон юм. Ардчилсан засгийн газрыг түлхэн унагасан уг цэргийн эргэлтээс хойш 2 жил өнгөрсөн ч тус улсад улс төрийн эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр. Цэргийн дэглэмийнхний гарт 2940 хүн амь үрэгдсэн тухай Мьянмарын хүний эрхийн байгууллага мэдээлж байна.

Цэргийн эргэлтийн үеэр баривчлагдсан цагаасаа хоригдож байгаа Аун Сан Су Чи өөрийн үгүйсгэж байгаа гэмт хэргүүдийн төлөө 33 жилийн хорих ял заагджээ. Өнгөрсөн онд хунтын дэглэм улстөрийн намуудыг бүртгэх тухай шинэ хууль баталсны дагуу Аун Сан Су Чи-ийн тэргүүлдэг Ардчиллын төлөө үндэсний Лиг нам хууль буст тооцогдож байна. Мөн энэ наймдугаар сард цэргийнхэн сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байгаа.

Гэвч Хунтын дэглэм эрх мэдлээ хадгалахын тулд аюулгүй байдлаар шалтгаалан сонгуулийг хойшлуулж болзошгүй гэж зарим ажиглагч үзэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ, Мьянмарын цэргийн эрх баригчдыг ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн үзэхийг уриалахыг гишүүн орнуудаас хүсчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.