Франц даяар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн үндэсний хэмжээний ажил хаялт эхлэв

Aдмин / Гадаад мэдээ

Францын үйлдвэрчний эвлэлүүдийн өргөн хүрээтэй ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал ахин эхэлснээр нийслэл Парист байдал амаргүй болж эхэлжээ. Тэтгэврийн нас 62 байгааг 64 болгож ахиулах засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцож байна. Үйлдвэрчний эвлэлүүд болон Ерөнхийлөгч Макроны төлөвлөгөөг шүүмжлэгч зүүний жигүүрийн хууль тогтоогчид энэ эсэргүүцлийн ажиллагаагаар Францын тэтгэврийн системд шинэчлэл явуулах засгийн газрын төлөвлөгөөг нураах санаа шулууджээ. Энэ сарын эхээр болсон эхний ээлжийн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд 1-2 сая орчим жагсагч оролцсоны дотор Парист олон арван мянган хүн цугларч байжээ.

Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийн парламентын хэлэлцүүлэгт хууль тогтоогчид хаалт тавьж эхэлснээр хоёр талын байр суурь улам чангарч байна. Ерөнхийлөгч Макрон ийм шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэж байгаа бол, Ерөнхий сайд Елизабет Борн тэтгэврийн насыг 64 болгож ахиулах асуудлаар “ярилцаад байх зүйл үлдээгүй” гэж мэдэгджээ.

Францын үйлдвэрчний эвлэлүүд энэ зуур, жижиг арлуудаас авахуулаад томоохон хотуудын гудамжуудад 1 сая хүртэл тооны жагсагчид цуглуулж чадна гэж тооцоолж байна. Улмаар өргөн хүрээтэй ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал Эммануэль Макроны засгийн газар болоод түүний өрсөлдөгчдийн аль алинд томоохон сорилт болж мэдэхээр байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Засгийн газар эсэргүүцлийн ажиллагааны явцад дэг журам сахиулахаар 11 мянга гаруй цэрэг офицерийг дайчилжээ.

Ажил хаялтын улмаас Парисын бүх дүүрэг болон бусад бүх муж, хотуудыг холбосон өндөр хурдны галт тэрэгнүүдийн дийлэнх хувь нь зогссоноос францын төмөр замын оператор Эс-Эн-Си-Эф компани үйл ажиллагаанд нь ихээхэн доголдол учирсан талаар мэдээлж байна. Парисын метроны буудлууд мөн хаагдах юм уу ажлаа зогсоосноос хүнд байдал тулгарчээ. Францын Боловсролын яамны мэдээгээр, сургуулиудад бас ажил хаялт болж, багш нарын дөрөвний нэг шахам нь буюу 1-р сарын 19-нд болсон эхний ээлжийн ажил хаялтынхаас арай цөөн хувь нь ажил хаялтад оролцож байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.