ЕХ-Украины дээд хэмжээний уулзалт болно
Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт баасан гарагт буюу өнөөдөр Украины нийслэл Киев хотод болно гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээллээ. Орос Украин руу довтолсноос хойш болон тус улсад ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигч орны статусыг олгосноос хойш анх удаа ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгааг тэрбээр онцолжээ.
Уулзалтын үеэр Украиныг ЕХ-нд элсүүлэх асуудал, Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөө, тус улсад ЕХ-ноос үзүүлэх тусламж, түүнчлэн хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх аж.
Энэхүү уулзалтад ЕХ-г Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны дипломат байгууллагын тэргүүн Жозеп Боррель, мөн гол 14 комиссар төлөөлөн оролцох бөгөөд ЕХ-ны төлөөлөгчид пүрэв гарагт Киевт иржээ.
Украин, Молдова улсуудад ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгох шийдвэрийг тус хамтын нийгэмлэгийн төр, засгийн тэргүүн нар 2022 оны зургаадугаар сарын 23-нд гаргасан билээ.
Сэтгэгдэл