ТУРК, СИРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД АМЬ ҮРЭГДСЭН ХҮНИЙ ТОО 3700 БОЛЖ НЭМЭГДЖЭЭ
Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсгийн хил залгаа бүс нутагт болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700 орчим болж нэмэгджээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн үүрээр 04:17 цагт хүмүүсийг унтаж байх үед Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон юм. Ойр ойрхон хүчтэй газар хөдлөлт болж байгаагаас иргэд гэртээ болон хоргодох байгууламжуудад орохоос айж гудамжинд байрлацгааж байна.
Гамшигт Турк улсад 2379 хүн амь үрэгдсэн бол Сири улсад 1444 хүн амь үрэгдсэн гэж албаныхан мэдэгдлээ. Нурангин доороос хүмүүсийг аврах ажил үргэлжилж буй учир энэ тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ.
Түүнчлэн олон мянган хүн гэмтэл авч, бүс нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ. Аврагчид одоогоор 8000 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргаад байна. Байгалийн гамшигт байшин барилга, гүүр ихээр нурж сүйдсэн тул олон газарт зам харилцаа нурангид даруулж боогдсон. Түүнчлэн бороо орж нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Дэлхийн улс орнууд Турк, Сирийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, яаралтай тусламж илгээхээ илэрхийлсээр байна.
Тухайлбал АНУ аврагчдын хоёр бүрэлдэхүүнийг Турк руу илгээхээр шийдвэрлэсэнг Туркт суугаа АНУ-ын элчин сайд Жефф Флейк мэдэгджээ. Америкийн онцгой байдлын аврагчид, эрэлч нохой, эмч нараас бүрдэх хоёр тусгай багийн нэг нь 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар холбогдож аврах ажиллагаа болон гамшгийн дараах сэргээн босгох ажилд шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн Германы олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны гишүүд Турк руу нисэхээр Кельн-Бонн нисэх буудлаас хөөрөхөд бэлэн болжээ.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажилд оролцохоор Швейцарын аврагчид болон эрэлч ноход Цюрихийн нисэх буудлаас хөөрсөн байна. Түүнчлэн Унгараас 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Будапештээс хөөрөхөөр бэлтгэлээ хангасан бол Грек улс мөн аврагчдаа илгээсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [103.161.242.98] 2023-02-08 09:35:31
Ум ма нэ бад мэ хум...
Зочин [103.10.22.140] 2023-02-07 16:38:21
Байгаль дэлхий яаж ч мэднэ ,хэн ч түүнийг тааварлашгүй байтал,монголд газрын баялагаа амин хувьдаа ашигладаг нөхдүүд юу боддог бол.
Зочин [83.187.171.188] 2023-02-07 15:34:27
Burhan urshuug, ,baga l zovoosoi, hun hundee tusladag ni saihan ym daa
Болод [103.212.119.163] 2023-02-07 12:21:41
Манайхан амар шүү өө тэгээ юу гээл суужээдэг.