Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ

Aдмин / Хууль

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор цахим залилангууд олширч байна. Тухайлбал, "Нарантуул" захын групп, Бөөний барааны групп зэрэг олон хүнтэй фейсбүүк группүүдэд шоколад, чихэр, печень, дээл зэргийг хямд үнэтэйгээр худалдаж байна гэх зарууд олноор харагдах болсон. Хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн борлуулна гэсэн энэхүү заруудад хууртан иргэд цахим залилангийн хохирогч болж байгаа юм.

Иргэн С.Бямбасүрэн энэ төрлийн залилангийн хохирогч болжээ. Тэрбээр “Бүх төрлийн барааг бөөнөөр зарах групп дээр Аlpengold шоколадыг 2500 төгрөгөөр худалдаалж байна гэсэн зар байсан. 40 ширхгийг авъя гээд холбогдсон. Ингэхэд “олон хүмүүс холбогдож байна. Та мөнгөө шилжүүлснээр таны захиалгыг баталгаажуулж, маргааш хүргэж өгнө” гэсэн. Хямд үнэтэй олдож байгаа дээр нь авъя гээд мөнгөө шилжүүлсэн боловч фейсбүүкээр блок хийж, залилсан” гэв.

Харин албан ёсны гэрээт борлуулагч компани болох “Си би эйч кэйр” компаниас асуухад 3300 төгрөгөөр бөөндөж худалдах боломжтой гэсэн юм. Харин дэлгүүрт 4200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар Цагдаагийн мөрдөн байцаах албаны кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Одоогоор манай дээр энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Дүүргүүд дээр бүртгэгдээд шалгагдаад явж байж магадгүй. Залилах гэмт хэрэг нь бодит харилцаанд тулгуурлан зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдэгддэг байсан бол харин одоо дэлхийн хаанаас ч, хэн ч цахим орчинд иргэдэд итгэл төрүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээг ашиглан хуурч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлддэг болсон байна.

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн, итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 35-аас дээш насны иргэд өртөж байна. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй.
Дээрх жишээнүүдээс харахад иргэд мэдээлэлд бодитой хандаагүйгээсээ болж хохирч байна. Тиймээс найдвартай, баталгаатай газраас худалдан авалт хийж цахим залилангаас болгоомжлоорой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.