БНТУ: Сири рүү тусламж хүргэх гарцуудыг нээхээр ажиллаж байна
Турк-Сирийн нутгийг дамнасан хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сирид амь үрэгдэгсдийн тоо 3000-с даваад байна. Олон жил сунжирсан иргэний дайны улмаас хөрш зэргэлдээ Сирид дэд бүтцүүд сүйрч үгүй болсноос байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэхэд нэн бэрхшээлтэй байна. Турк Сирийн дундах хилийн гарц, газар хөдлөлтөөр замууд нь эвдэрч гэмтсэний улмаас хаагдаад байгааг удахгүй ашиглах боломжтой болно гэж НҮБ-ын өндөр албаны төлөөлөгч мэдэгдсэн.
Мөн Туркийн Гадаад яамны сайд Мевлут Чавушоглу Сири рүү тусламж хүргэх гарц нээхийн тулд өөр хоёр ч хилийн боомтыг нээхээр ажиллаж байгааг онцолжээ.
Энэ зуур Сирийн баруун хойд бүс рүү хүрэх тусламж ачсан ачааны 6 машин бүхий НҮБ-ын эхний цуваа Туркийн өмнөд хилээр гарахаар хөдөлсөн тухай Ройтерс мэдээллээ. Мөн Европын холбооны зүгээс Сирийн засгийн газрын хүсэлтийн дагуу тус улсад 3,5 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Гэхдээ тусламжийг засгийн газрын хяналтад байдаг төдийгүй босогчдын мэдлийн бүс нутгууд руу хүргэх ёстой гэдэг шаардлагыг Европын холбоо тавьж байгаа юм.
Сэтгэгдэл