Хятадын эргийн хамгаалалтынхан Филиппиний хөлөг онгоцны эсрэг байлдааны зориулалтын лазер ашиглажээ
Хятадын эргийн хамгаалалтын газар Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Филиппиний хөлөг онгоцны эсрэг байлдааны зориулалтын лазер ашиглажээ. Үүнтэй холбогдуулан Филиппиний Засгийн газар Хятадад эсэргүүцэл илэрхийлсэн байна.
“БНХАУ-ын Эргийн хамгаалалтын газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд хөлөг онгоцыг мөрдөн тагнаж мөшгисөн, аюултай үйлдэл гаргасан, байлдааны лазер, хууль бус радио дуудлага хийснийг эсэргүүцэж, Манила дахь Хятадын Элчин сайдын яаманд дипломат эсэргүүцэл илгээлээ” гэж Филиппиний ГХЯ-наас мэдэгджээ.
Энэ үйл явдал Ерөнхийлөгч Фердинанд Маркосыг өнгөрсөн сарын эхээр Хятадад төрийн айлчлал хийсний дараахан гарсанд түгшиж, харамсаж байгаагаа Филиппиний ГХЯ илэрхийлсэн байна.
Айлчлалын үеэр талууд далай, тэнгисийн асуудлаарх зөрчилдөөнийг хүч хэрэглэн айлгах сүрдүүлэх замаар бус, яриа хэлэлцээрээр шийдвэрлэхээр тохиролцсоныг Филиппиний ГХЯ-ны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Тересита Даза сануулжээ.
Филиппиний нэгэн хөлөг онгоц энэ сарын эхээр Аюнгин бүсэд явж байх үед Хятадын эргийн хамгаалалтын газрын эргүүлийн онгоц ойртож, хоёр ч удаа байлдааны зориулалтын лазер тусгажээ.
Үүний улмаас хөлгийн гишүүд хэсэг хугацаанд "сохорсон" гэнэ. Харин Хятадын тал Филиппиний хөлөг онгоцыг Хятадын газар нутгийн усанд орж ирсэн гэж буруутгасан байна. Хятадын тал бусад орны хөлөг, цэргийн нисэх онгоцны эсрэг лазер ашигласан гэсэн асуудалд нэг бус удаа орж байсан юм.
Сэтгэгдэл