ТАГНУУЛЫН БӨМБӨЛӨГТЭЙ ХОЛБОГДУУЛАН ТАЙЛБАР ХИЙЖЭЭ
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Бээжин хотод гадны сэтгүүлчдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 2022 оноос хойш АНУ-ын өндөр нислэгийн агаарын бөмбөлөг 10 удаа БНХАУ-ын агаарын хилд хууль бусаар нэвтэрсэн гэсэн байна.
“АНУ-ын хувьд бусад орны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтрэх нь ховор үзэгдэл биш бөгөөд манай улсын агаарын хилийг доод тал нь 10 удаа зөрчихдөө тодорхой тайлбар өгч байгаагүй. Үүний хариу болгож Бээжин хариуцлагатай, мэргэжлийн арга хэмжээ авсан” гэж Ван Вэнбин мэдэгдэлдээ дурдлаа. Харин Цагаан ордон БНХАУ-ын энэ мэдэгдлийг эрс няцааж, Хятадын дээгүүр тагнуулын ямар ч бөмбөлөг хөөргөөгүй гэжээ.
Энэ сарын 4-ний өдөр АНУ агаарын орон зайд нь нэвтэрсэн Хятадын агаарын бөмбөлгийг сөнөөгч онгоц ашиглан буудаж унаган тагнуулын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсныг нь олж тогтоосон. Үүний дараа Хойд Америкийн агаарын орон зайд нэвтэрсэн гурван нисдэг биетийг АНУ унагасан гэдгээ мэдэгдсэн юм.
Харин сүүлд унагасан гэх энэхүү гурван нисдэг биетийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа ч тэдгээрийг устгахын тулд дэвшилтэд пуужинг ашиглаж байгаа нь хэт сүржигнэсэн хэрэг гэж БНХАУ үзжээ. Хоёр улсын хооронд үүсээд буй энэ асуудлаас болж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хийхээр товлосон айлчлалаа цуцалсан юм.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл