Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас 44 мянган хүн амиа алдлаа
Турк болон Сирийн газар нутагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өнөөдөр буюу баасан гарагийн байдлаар 44000-д хүрчээ. Үүний 38 мянга гаруй нь Турк, 6000 орчим нь Сири улсын иргэн байна . ДЭМБ-аас энэ удаагийн газар хөдлөлтийг Европын 53 оронд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн их аюултай байгалийн гамшиг хэмээн мэдэгдэв. Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдаж байв.
Анх газар хөдөлснөөс хойш өдгөө 10 хонож байна. Тиймээс нурсан барилга, байшин, зам, дэд бүтцээ хэрхэн сэргээх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болжээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас Туркт урьдчилсан байдлаар 50 мянга гаруй барилга нурж, юу ч үгүй сүйрсэн байна.
Энэ талаар Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын ерөнхийлөгч Эйүп Мухчу “Сүйрсэн барилгын нурангийг цэвэрлэхэд бид их хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна” гэж ярьжээ.
Нурангид дарагдсанаас 10 хоногийн дараа ч хүмүүс эсэн мэнд гарсаар байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар 10 хоног дарагдсан дөрвөн хүнийг нурангинаас эсэн мэнд аварчээ.
Тэдний нэг болох 29 настай эмэгтэйн биеийн байдал хэвийн төдийгүй, өөрийгөө ойлгуулж сайн ярьж байгаа талаар эмч нь онцолсон байна. Харин түүний дүү “Эгчийг минь аварсан бурхандаа баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ. Мөн 12 настай, 26, 34 настай хүмүүсийг 258 цагийн дараа нурангин доороос аварч эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Сэтгэгдэл