С.ТЭГШЖАРГАЛ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГ БАЙГУУЛСАН ТОХИОЛДОЛД ХҮНДРҮҮЛЖ ЗҮЙЛЧИЛНЭ
Хуульч, өмгөөлөгч С.Тэгшжаргалтай ярилцлаа.
- Нүүрсний хулгайн хэргийн шалгалтын ажлын талаар АТГ-аас хоёр хоногийн өмнө мэдээлэхдээ УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгааг онцолсон. Ингэхдээ гишүүн тус бүрийг ямар үндэслэлээр татсаныг зарлалаа. Процесс яаж үргэлжлэх вэ?
-Хууль зүйн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа юм . Нэг ёсондоо Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдэд холбогдуулж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн. Уг хэргийг мөрдөж буй байгууллага буюу АТГ-аас ирүүлсэн саналыг прокурор хянаж тогтоолоо гаргадаг гэсэн үг. Гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон, тухайн хэрэгт холбогдсон этгээд хаана байгаа газар нь тодорхой тохиолдолд саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа юм. Цаашид процессын ажиллагаа яаж үргэлжлэх вэ гэхээр яллагдагчаар татсан тогтоолоор нэр бүхий гишүүдийг дуудаж, АТГтэдэнд танилцуулна. Үүнтэй холбогдуулж мэдүүлэг авах, бусад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Хуулиар тогтоосон мөрдөн байцаалтын хугацаа бол мэдээж хэргийг шалгахад хүрэлцэхүйц хэмжээний хугацаагаар сунгаад явна гэсэн үг. Хэрэгт хангалттай нотлох баримт бүрдээд энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх санал хүргүүлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусна. Тэгэхээр энэ ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломжгүй. Хууль зүйн хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж АТГ-аас нэр бүхий хүмүүсийг татсан нь гарцаагүй гэм буруутай байна гэдгийг эцэслэн тогтоож байгаа асуудал биш.
- Ингэхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад АТГ уг асуудлыг олон нийтэд ингэж зарлаж болдог юм уу. УИХ-ын дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөхгүй юу. Ер нь бүрэн эрхийг нь албан ёсоор түдгэлзүүлээгүй байхад яллагдагчаар татаж, олон нийтэд мэдээлэх нь хүний эрх зөрчсөн гэж үзэх үү?
-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заалт бий. Энэ юу вэ гэхээр, мөрдөн байцаалтын ажиллгааны явцад илрүүлсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, нууцыг задруулахгүйгээр прокурорын зөвшөөрлөөр хэргийн шалгалтын ажиллагааны мэдээллийг олон нийтэд мэдэгдэж болно. Ингэхдээ ямар хүмүүсийг яллагдагчаар татсан, ямар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар ерөнхий үйл явцыг тайлбарласан байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэв энэ хүмүүстэй холбоотой ийм нотлох баримт цугларсан байна, ингэж мэдүүлэг өгсөн байна, ийм нотлох баримт хэрэгт авагдсан байна гэдэг хэргийнх нь асуудал руу орох юм бол хууль зөрчсөн болно л доо. Хоёрдугаарт, УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр яллагдагчаар татсан нь үндэслэлтэй эсэхийг асууж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд энэ тухай зохицуулсан байдаг. Ер нь гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд яллагдагчаар татахад заавал УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдгийг хориглосон заалт байхгүй. Зүгээр яллагдагчаар татсаны дараа УИХ- ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж гишүүний эрхийг нь хураан авах, биед халдах, эд хөрөнгийг нь битүүмжлэх гэдэг ч юм уу ийм процессын ажиллагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж явагдах ёстой гэж үздэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ- ы н гишүүний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх тухай заалт байна л даа.
Үүнд “Гэмт хэрэг үйлдэх явцад эсвэл гэмт хэргийнх нь газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулна” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэх үндэслэл нь яг гэмт үйлдлийнх нь явцад эсвэл хэргийн газрын нотлох баримтаар баривчлах ажиллагааны явцад түдгэлзүүлэх асуудал шууд яригдаж эхэлнэ. Саяын зургаан гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах үндэслэл бий болсон учраас татсан. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн процессын заалт байхгүй.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Хөрөнгийн хэмжээг нь яаж тогтоодог юм бэ. Үндэслэлгүй хөрөнгөжих гэж юуг хэлээд байна вэ. Хуруунд нь зүүсэн алтан бөгж, унаж байгаа автомашин, эдэлж, хэрэглэдэг зүйлсээр нь дүгнэдэг юм уу?
-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 10-т үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийн шинжийг тайлбарласан байдаг. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй бол гэмт хэрэг болно гэдэг агуулгаар хуульчилсан. Авлигын эсрэг хуульд бас үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг ойлголтыг тайлбарласан нэр томъёо ч байдаг. Уг тайлбараар зургаан сарын цалин хөлсний орлогоос илүү хөрөнгийг ямар эх сурвалжаас яаж олов гэдэг нь хууль ёсны биш байна гээд гараад ирвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна гэх үндэслэлээр шалгаж болно. Гэхдээ нэр бүхий гишүүдийн сарын цалин хөлс, хууль ёсны орлого, түүний гэр бүлийн бизнес зэргээс орж ирсэн орлого нь хууль ёсны байна уу гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ. Үүнтэй холбогдуулж эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримт бичигт үнэлгээ хийх зэрэг олон асуудлын процесс явагдана л даа. Ингэж эдгээр гишүүдийн хөрөнгө орлого нь хууль ёсны байна уу, эх сурвалж нь хаана байна гэдгийг тогтоож байж гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэнэ. Тэрнээс таны унаж байгаа машин үнэтэй байна, амьдарч байгаа байшин тансаг юм, брэндийн эд зүйл хэрэглэдэг юм байна гэдгээр шууд буруутгах боломжгүй.
-Мөн Т.Аюурсайхан гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Нөгөө айхавтар улс төрийн мафи гэж яриад байдгийн толгойлогч нь Т.Аюурсайхан гишүүн болж таарч байна уу. Эсвэл энэ хүн нүүрсний хулгайн мафи бүлэглэл гээчийн гол зохион байгуулагч нь гэсэн үг үү?
-УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хувьд зохион байгуулалттай бүлэг байгуулах, эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсан гэж ойлгосон. Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилготой, урьдчилан төлөвлөж нэгдсэн тогтвортой бүлгийг байгуулсан. Энэ бүлэгт бусдыгаа татан оролцуулж, элсүүлсэн. Бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, зэвсэг хэрэгслээр хангасан, гэмт хэрэгт бэлтгэсэн, төлөвлөсөн” гэдэг үйлдэл байх юм бол зохион байгуулалттай гэмт бүлэг гэж үздэг. Бас эрүүгийн үндсэн суурь онолд “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор байгуулагдсан, байнга тогтвортой шинжтэй, нарийн зохион байгуулалттай, тухайн бүлэглэлийн үндсэн үйл ажиллагааны эдийн засгийн эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олж ирсэн орлогоос үүддэг ийм бүлэглэлийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл” гэж үздэг. Тэгэхээр энэ зүйл ангийн гурав дахь хэсэгт төрийн албан хаагч хэрэв зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан тохиолдолд хүндрүүлж зүйлчилнэ гээд заасан байдаг. Өөрөөр хэлбэл 12 жилийн ялтай. Энэ нь түүнд үнэхээр гэмт бүлэглэлийг зохион байгуулах, эсрэг үйл ажиллагаанд оролцсон, хамтарч үйлдсэн гэдэг шинж байдал байна уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж байгаа хэрэг. Мэдээж чиг үүрэг бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан нотлох баримтын хүрээнд үндэслэж, дүгнэлт хийж яллагдагчаар татсан байх. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хөндлөнгөөс шууд дүгнэлт хийх боломжгүй байна.
-УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан үндэслэлээс харахад нүүрсний хулгай бол зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж харж болох уу?
-Хуульзүйн хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд шууд ингэж хэлж болохгүй л дээ. Харин ард түмэн бол хардах эрхийнхээ хүрээнд ингэж харж болно.
-Энэ хэрэгт улс төрд нөлөө бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг АТГ зарласан. Харин УИХ-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа хэвлэлээр мэдээлж байсан. Энэ асуудлыг хуулийн талаас нь та яаж ойлгож байна вэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт холбогдож шалгагдаж байгаа этгээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар баталгаажсан эрх байгаа. Мөрдөн шалгах байгууллага ч гэсэн тухайн хүмүүсийг өөрийнх нь гэм буруугүй гэдгийг нотлуулахыг шаардах эрхгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад л тэр хүн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтууд бусад байдлаар хангалттай тогтоогдож байж сая гэм буруутай гэдгийг шийдвэрлэнэ. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийнхөө гэм буруугүй байдалтай холбоотой, энэ үйлдэлд оролцоогүй, хамааралгүй гэдэг талаараа хуулийн байгууллагад баримтаа гаргах, мэдүүлэг, тайлбараа өгөх нь нээлттэй.
-Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа явагдана биз дээ?
-Энэ тохиолдолд зайлшгүй бүрэн эрхийн асуудал яригдана л даа. Хууль зүйн хувьд хоёр талаас хоёр зүйл босч ирж байна л даа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааг хянадаг, тэрийг хөтөлж явуулдаг прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар УИХ-д санал тавих, үүнийг шийдвэрлүүлэх хуулийн зангилаа асуудал яригдана л даа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.47] 2023-03-06 14:23:50
раднаасэд ч зүгээргүй хүн аюурсайханыг ёстой тийм гэж бодоогүй шүү
Зочин [202.21.107.23] 2023-03-04 11:22:14
er n bol jiriin ajlaa hiigeed yavj bgaad humuust hamaatuuldag. getel deer n bgaa luivarchid zugeer l bdag shte. uuniig meddeg bailgyi dee. uuniige l bolij saihan bolmoor bna.
njuty [103.26.193.16] 2023-03-03 16:36:40
энэ сурвалжлагч гэх юм нь хэнийг хаацайлах гээд байна Бусад оронд шууд мэдээлдэг Албан тушаал авилга ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэт юунд холбогдож байгааг мэдэээлэх ёстой Тэгээд раас нь мөрдөн байцаах албаныхан мэргэжлийн ур чадвар гаргаж прокурор нь энэ ажиллагаа хуулийн дпагуу явагддаж байгааг хянаж тэгээд шүүхэд шилжихэд шүүх гэм бурууг тогтоодоги Энэ сурвалжлагч гэгчийн бодлоор бол жишээ нь УИХ гишүүн Бат Эрдэнэ саалийн үнээтэй айлаас бяруу авсан байж магад гэж олон түмнээр таалгах гээд байгаа юм уу