Туркийн сөрөг хүчний намууд Режеп Тайип Эрдогантай өрсөлдөх нэр дэвшигчийг зарлажээ
Туркийн сөрөг хүчний намууд Режеп Тайип Эрдогантай өрсөлдөх нэр дэвшигчийг зарлажээ. Туркийн сөрөг хүчний зургаан намаас тус улсын Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчээр Кемаль Кылычдароглуг нэрлэжээ.
Ингэснээр Турк улсын Ардын бүгд найрамдах намын дарга энэ хүн тавдугаар сарын 14-нд болох сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч болж байна.
Хэдэн өдөр үргэлжилсэн зургаан намын маргааны дараа Кемаль Кылычдароглу “Бидний цорын ганц зорилго хөгжил цэцэглэлт, энх тайван, амжилт” хэмээн даваа гарагт Анкара хотод цугласан хоёр мянга орчим хүний өмнө мэдэгдсэн байна.
Тэрбээр тус улсад олон жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, хоёрдугаар сард болсон газар хөдлөлттэй холбоотой асуудлуудыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах боломжтой гэсэн таамаг байна. Учир нь 50 мянга гаруй хүн амь насаа алдсан газар хөдлөлтөөр л гэхэд Туркийн Засгийн газрын авч байгаа арга хэмжээг тус улсад олон хүн шүүмжилсэн юм.
Гэвч авлигатай тэмцэгчийн эгнээнд дэвшиж байсан эдийн засагч асан Кемаль Кылычдароглу 10 гаруй сонгуульд ялалт байгуулж, хамгийн урт хугацаанд төр барьсан Режеп Тайип Эрдоганыг ялж чадна гэдэгт зарим хүмүүс эргэлзэж байна.
Тэрбээр бараг өрсөлдсөн сонгууль болгондоо ялагдал хүлээж байснаараа олны танил болсон байна. Гэхдээ 2017 онд төрийн эргэлт хийхийг оролдсон үйл явдлын дараа Туркийн эрх баригчид сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдыг хэлмэгдүүлснийг Кемаль Кылычдароглу эсэргүүцэн Анкарагаас Истанбул хүртэл “Шударга ёсны жагсаал” зохион байгуулж, нэр хүнд нь өссөн гэсэн тайлбар байна.
Туркийн Ардын бүгд найрамдах намын дарга Кемаль Кылычдароглуг тус улсын сөрөг хүчний бусад таван нам бүрэн дэмжилгүй, сонгуульд өөр өөрсдийн нэр дэвшигчийг нэрлэн хэдэн өдөр маргасны эцэст даваа гарагт дахин хуралдан тохиролцжээ.
Сэтгэгдэл
зочин [192.82.81.56] 2023-03-08 21:19:02
Туркийн одоогийн ерөнхийлөгч нь Путин гуайн найз уу? 10 жил ЕС, 10 жил ерөнхийлөгч хийж байгаа гэсэн үү? 1 хүн төр засгийн толгойд 20 гаруй жил суухаар юу болдгийг 60-70 гаруй хувийн инфляц, 2-р сарын газар хөдлөлт харуулаад байна уу?