Б.Өлзийбат: Иргэд гар утсаараа хууль санаачилах боломжтой
“Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол улсын иргэд заавал талбайд цуглахгүйгээр гэрээсээ гар утсаараа төрийнхөө үйл хэрэгт оролцох боломжтой гэдгийг онцолж байсан юм. Энэ үеэр тус санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “Өнөөдөр Монголд хууль тэгш үйлчлэхгүй байна. Шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэнд иргэдийн итгэх итгэл буурчээ. Монгол ардчилсан улс боловч иргэн төвтэй улс байхаа больсон. Учир нь иргэдийн боломжийг ашиглаж хүчийг авсан УИХ, параламентын гишүүд өөрсдийн төлөөлөл онцгой бүрэн эрхээ ашиглан, хамаатан садан, бүлэглэл бүхий нөхдүүдэд боломж олгохын тулд иргэдийн үндсэн мандатыг худалдаж байна.
УИХ гишүүд иргэдийн боломжийг хулгайлдаг, сонгуулийн үеэр ашигладаг байдлыг тодорхойлох гол зүйл бол 2022 оны долдугаар сарын 5-нд батлагдсан Монгол Улсын Их хурал, Их хурлын тухай хуулийн 39.1, Монгол Улсын чуулганы тухай хуулийн 109.11-109.14-т орсон өөрчлөлт юм. Энэ хуулийн өөрчлөлтөд дэлхийн нийтийн цахим шилжилтийн жишигт нийцэж Монгол улсын иргэн гэрээсээ гар утсаараа төрийн үйл хэрэгт оролцох боломжтой. Цаашлаад чуулган хуралдахад иргэд Ерөнхий сайд, Засгийн газар юу хийж байгаад мөн хяналт тавих боломж бүрдсэн. Гэтэл энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байна.
УИХ-ын гишүүд тухайн сонгогдсон тойрогтоо ажиллахдаа иргэд, залуучуудад гар утсаараа хууль санаачилж, УИХ-д ажлын хэсэг байгуулж болно гэдгийг нэг нь хэлсэнгүй” гэв. Тус хуулийн өөрчлөлтөд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах. Хуулийн биелэлтэд хяналт тавих асуудлаар УИХ-д нэг санал гаргаж сарын дотор тухайн саналыг 33 мянган иргэн дэмжвэл УИХ-д шууд ажлын хэсэг байгуулах боломж бүрдсэн гэдгийг мөн хэлж байлаа.
Харин “Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын үүсгэн байгуулагч М.Төртогтох “Бидний зорилго энэ хуулийн заалтыг иргэдэд ойлгуулж, санал авч танин мэдүүлэх. Хуулийн өөрчлөлтийн 39.2.3-т иргэн нэг санал гаргаад тухайн саналыг 100 мянган иргэн дэмжсэн бол УИХ-аар ямар ч дараалалгүйгээр оруулж хэлэлцэж, батлах нөхцөл бий болсон. Гэтэл ажлын хүрээнд уулзсан багш нарын 99 хувь нь мэдэхгүй байна. Үүнийг танин мэдүүлэх хүн тухайн тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн байсан” гэсэн юм. Харин МУБИС-ийн оюутан “Иргэн бол хүч” залуучуудын санаачилгын гишүүн Б.Хичээнгүй “Оюутан залуучууд энэ хуулийг мэддэг, хэрэгжүүлэхийг шаарддаг баймаар. Тиймээс нэг зорилгын төлөө нэгдэж ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл