Конгрессын тусгай хороо коронавирусний гарал үүслийн талаар сонсгол хийж эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний гарал үүслийн асуудлаар АНУ-ын Конгресст тусгайлан байгуулсан хорооны сонсгол лхагва гарагт эхэлжээ. АНУ-ын зарим өндөр албан тушаалтан Хятадын Ухань хотын лабораториудын нэгээс коронавирус санамсаргүй байдлаар алдагдаж, халдвар тархах эх үүсвэр болсон гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ дүгнэлтэд шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо байхгүй гэж олон эрдэмтэн үзэж байгаа төдийгүй Цагаан ордон ч мөн уг вирус анх тархсан голомтын талаар Засгийн газар санал нэгдээгүй байна гэж мэдэгдэж байгаа юм.

Конгрессын тусгай хорооны сонсголд эхний илтгэлийг Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дарга асан доктор Роберт Редфилд тавьсан байна. Тэрбээр коронавирусийг лабораторийн гаралтай гэж үздэг хүмүүсийн нэг юм. Р.Редфилд хэлэхдээ, коронавирус нь байгалийн эх үүсвэртэй байх магадлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах боломжгүй гэж үзэж байна гэжээ. Р.Редфилд тусгай хорооны сонсголд оролцохдоо мөн судалгааныхаа үр дүнг сайжруулахын тулд лабораторийн нөхцөлд вирусийг илүү халдварлах чадвартай болгодог судалгааг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Коронавирус нь чухам Хятадын Ухань хотод амьтнаас хүнд халдсан бөгөөд энэ үйл явц коронавирусийг судалж байсан дэлхийн тэргүүлэх судалгааны төвүүдийн нэг болох Уханийн Вирус судлалын хүрээлэнгээс холгүй байдаг янз бүрийн амьд амьтан, шувуу зардаг байсан зах дээр болсон байх магадлалтай гэж үздэг судлаачид бий.

Вирус Хятадын лабораториудын нэгнээс алдагдсан гэдэг нь хамгийн магадлал өндөртэй хувилбар гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг нэг бол ХМТ-ны дарга Кристофер Рей юм. Түүнээс өмнөхөн бүх биологийн лабораторийг хариуцдаг Эрчим хүчний яам мөн вирус Уханийн лабораториос алдагдсан байх магадлалтай гэж мэдээлж, гэхдээ ийм дүгнэлтэд “итгэл багатай” хүрсэн гэдгээ онцлон тэмдэглэжээ.

Дээрх мэдэгдлүүдийн дараа энэ вирусний судалгаанд оролцож буй тэргүүлэх эрдэмтэд мэдэгдэхдээ, вирус лабораториос алдагдсан гэдэг таамаглалыг нотлох шинжлэх ухааны шинэ нотолгоо байхгүй байгааг тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.