Израилд жагсагчид нисэх буудлын замыг хаасныг цагдаа, хүчнийхэн тараажээ
Тел-Авивын нисэх буудал хүрэх гол замыг жагсагчид хаасан тул Израилийн цагдаа хүчнийхэн хүч нэмэгдүүлэн ажиллаж тараажээ. Жагсагчид Ерөнхий сайдыгаа гадны улс руу албан ёсны айлчлал хийхээр нисэх буудал явах замд нь саатуулахыг оролдсон байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн олон улсын гол нисэх онгоцны буудалд хүрэхээр явах хурдны замыг нь эсэргүүцэгчид хаан, жагсаж, саатуулахыг оролджээ. Эсэргүүцэгчид олон тооны машинтай түүний замыг хаажээ. Тэд “Дарангуйлагчийг эсэргүүцэх өдөр”-ийг эхлүүлж буйгаа зарлаж, Израилийн далбааг намируулан онгоцны буудал хүрэх замд цугларсан байна.
Энэхүү жагсаал нь Биньямин Нетаньяху болон түүний Засгийн газрын шүүх засаглалыг шинэчлэх төлөвлөгөөг эсэргүүцэн хоёр сар гаруйн өмнө орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын нэгээхэн хэсэг юм. Жагсагчид Биньямин Нетаньяхугийн нисэх онгоцны буудал хүртэлх замыг хаасан нь хууль эрх зүйн өөрчлөлтийг эсэргүүцэх хөдөлгөөний чухал алхам болж, Израилийн удирдагч өөр зам сонгоход хүрсэн нь тухайн эсэргүүцлийн хөдөлгөөний амжилт боллоо гэж "Ассошиэйтед пресс" уламжилжээ.
Пүрэв гарагийн энэ тэмцэл нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ллойд Остины Израилд хийж буй айлчлалд нөлөөлж, түүний айлчлалын арга хэмжээнүүдийг нисэх буудалд ойр байлгахаар дахин төлөвлөхөд хүргэсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр засгийн эрхэнд гарсан Биньямин Нетаньяху болон түүний холбоотнууд энэ хуулийн шинэчлэл нь эрх мэдлээ хэтрүүлсэн шүүхийг хазаарлах зорилготой гэж мэдэгддэг. Харин эсэргүүцэгчид энэхүү шинэчлэл нь тус улсын нарийн хяналт, тэнцвэрт тогтолцоог эвдэж, Израилийг авторитаризм руу хөтөлнө гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл