Эдийн засаг хямарч болзошгүй гэх болгоомжлол газрын тосны үнэд нөлөөлжээ
АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх нь эдийн засгийг хямрахад хүрч, газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбоотойгоор пүрэв гарагт газрын тосны үнэ 1 орчим хувиар унаж, хоёр долоо хоногийн доод түвшинд хүрчээ. АНУ-ын Төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авч байгаа юм. Гэвч хүүгийн түвшин өндөр байх нь эдийн засгийг сааруулж магадгүй байна.
“ХНС инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байгаа нь хямрал нүүрлэх, газрын тосны эрэлт буурах болгоомжлолыг бий болгож байна” гэж Нью-Йорк хот дахь “Again Capital” хөрөнгө оруулалын компанийн шинжээч Жон Килдафф ярьж байна.
Пүрэв гарагт “Brent” маркийн газрын тосны нэг торхын үнэ 1.07 ам.доллар буюу 1.3 хувиар унаж, 81.59 ам.долларт хүрсэн нь хоёрдугаар сарын 22-ноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Мөн “WTI” маркийн нефтийн үнэ 94 центээр /1.2 хувь/ буурч, 75.52 ам.долларт хүрснээр хоёрдугаар сарын 27-ноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна.
Ингэснээр хоёр маркийн газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан унаж, мөн хугацаанд “WTI” 6 орчим хувиар, “Brent” 5 орчим хувиар тус тус үнэ нь буурчээ.
Сэтгэгдэл