НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ НАР ЗӨВХӨН “ПРИУС” 20, 30-ИЙН ЯНДАНГ Л “ОНИЛЖ” БАЙНА

Aдмин / Хууль

ЦЕГ-аас бусад байгууллагуудтай хамтарч тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй бохирдуулах бодисын хэмжээг судалжээ. Ингэхдээ үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, эсхүл яндангүй гэсэн гурван төрлийн нөхцөлөөр хэмжиж, харьцуулсан байна.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО (нүүрстөрөгчийн дутуу исэл)-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага гэх үр дүн гарчээ. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО (нүүрстөрөгчийн дутуу исэл) үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан гэнэ.

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс найман хувиар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 хувиар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10 хувиар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байжээ. Дээрх судалгаа үйлдвэрийн яндангүй приус маркын тээврийн хэрэгсэл агаарт ямар хэмжээний хор хохирол учруулж байгааг харуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53.7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46.3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.

Үүнээс нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй автомашины 10.5 хувь нь буюу 133 мянган нь “Приус” маркийн тээврийн хэрэгсэл.

Тодруулбал:

Toyota Prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67.456 буюу 50.6 хувь,

Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50.631 буюу 38.0 хувь,

Toyota Prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15.148 буюу 11.3 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрийн хэд нь үйлдвэрийн яндантай, хэд нь хятад яндан суурилуулаад агаар бохирдуулаад явж байгааг одоогоор нарийвчилж тооцоолох боломжгүй байгаа юм байна.

Саяхан ЦЕГ-аас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Гэмт этгээдүүд 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг аж ахуй нэгж, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан “Приус” маркийн тээврийн хэрэгслийг сонгож нүүрсэн янданг нь хулгайлдаг байсан гэнэ.

Мөн хулгайлсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх найман этгээдийг мөнгө угаах төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Нүүрсэн яндангийн хулгайч этгээдүүд гол төлөв “Приус” 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож янданг нь хулгайлдаг талаар ЦЕГ-аас онцолж байна. Зарим тохиодолд “Приус” 30-ийн янданг авах нь байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ зах зах зээлд “Приус” 20 болон 30-ын яндан л эрэлттэй байдаг юм байна.

Шалтгааныг “Болор” авто засварын инженер Л.Даваахүүгээс тодрууллаа.

-Танаас “Приус” маркийн тээврийн хэрэгслийн үйлдвэрийн яндангийн талаар тодруулах гэсэн юм. Үйлдвэрийн янданг хулгайлах тохиолдол түгээмэл гарах юм. “Приус”-ийн яндан үнэ хүрч байгаа шалтгаан нь юу вэ?

-Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах зориулалттай.

Нүүрсэн янданд цагаан алттай маш нарийн технологи бүхий яндангийн нүүрсэн шүүлтүүр байдаг. Энэ нь төрөл бүрийн хорт хий, тэр дундаа хүхрийн хийг шүүх үүрэгтэй. Энэ нь л хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг хэрэг л дээ. Ийм үйлдвэрийн янданг нь авчихаар хөдөлгүүрийн утааг дутуу шүүнэ. Хүхрийн хий агаарт ялгарна гэсэн үг. Хүний эрүүл мэндэд асар хортой. Яг үүний талаар бол эрүүл мэндийн чиглэлийн хүн илүү тодорхой тайлбарлах болов уу. Үүний хор уршиг хэдэн жилийн дараа л илүү тодорхой илрэх болов уу гэж хардаг. Гудамжаар дүүрэн саажилттай хүүхдүүдтэй болох вий гэж санаа зовдог юм.

-Нүүрсэн янданг задлаад урагш нь экспортлоод байгаа харагддаг?

-Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх, нэг бол өндөр торгууль тавих хуультай. Япон автомашины яндангийн шүүлтүүрт шаардлагатай бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Урд хөршид үйлдвэрийн яндан эрэлттэй болсон шалтгаан нь товчхондоо ийм. Нэг яндан дангаараа бараг таван сая төгрөгийн ханштай ч Японоос дангаар нь авахад хэцүү. Ингээд л Монголоос авч, оргиналь янданг хятад яндангаар солиод зөрүүнд нь цөөхөн хэдэн төгрөг өгч байна. Бид өөрсдийн машинаа тоноод л эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна л даа.

-Зөвхөн “Приус”-ийн нүүрсэн янданг онцолж хулгайлж байгаа нь ямар шалтгаантай юм бэ. Японд үйлдвэрлэсэн олон машин байна шүү дээ. Тэр бүрийн яндан алдагдлаа гэж дуулаагүй юм байна?

-Урд зах зээлд “Приус” 20-ийн нүүрсэн яндангийн орц л эрэлттэй байдаг. Зарим тохиолдолд 30-ийнх. Энэ нь орц найрлагатай л холбоотой. Энгийнээр тайлбарлавал 2008-аас өмнөх онд үйлдвэрлэгдсэн “Приус”-ийн нүүрсэн яндангийн орц л урд хөршийн зах зээлд эрэлттэй. Тэгээд л бид бие биенийхээ нүүрсэн янданг сугалж, задлаад урагш нь гаргаад байгаа юм.

-Гааль дээр шинэ машин буухад л янданг нь сольчих тохиолдол байдаг юм билээ. Үйлдвэрийн янданг дуураймал яндангаас яаж ялгах вэ?

-Энгийн нүдээр хараад ялгахад амар биш л дээ. Үйлдвэрийн янданд нунтаг үнс шиг бодис бий. Үүгээрээ л ялгаатай. Суурилуулсан байхад нь ялгах бараг боломжгүй” гэв.

Энэ төрлийн гэмт хэргийг судлаад үзэхэд нүүрсэн янданг задлаад нүүрсэн шүүлтүүрийг нь авч хилээр гаргадаг талаар ЦЕГ-аас мэдээлж байна. Нүүрсэн яндангийн зах зээлийн ханш одоогоор 1.2 саяас 3.6 саяын хооронд хэлбэлзэж байгааг нь цахимд нүүрсэн яндан авах зар байршуулсан ченжүүдийн мэдээллээс харагдаж байна.

Нүүрсэн яндангийн хулгайн асуудал зөвхөн манайд нүүрлэсэн асуудал биш бөгөөд сүүлийн дөрвөн ч жилийн хугацаанд олон улсад гарах болсон гэнэ. Тэд бүгд БНХАУ-ын зах зээл рүү шингэдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

pruis29iin jolooch [139.5.218.71] 2023-03-13 11:57:21

hytadiin hilerr gargahiig horigloochee bi yndangaa aldchihsan

Зочин [139.5.216.15] 2023-03-12 19:41:12

Цаазаар ав.

Иргэн [124.158.67.31] 2023-03-12 17:33:34

Энэ зевхен яндан хулгайлан байгаа асуудал биш бид бухний ур хуухдийн маань эруул мэндийн эсрэг гэмт хэрэг тул хатуу шийтгэлийг оноох шаардлагатай юм

Иргэн [59.153.86.144] 2023-03-12 13:56:51

Гэмт хэргийг нийтэд мэдээлж, мэддэггүй байсан нөхдүүдэд мэдээлэл өгч хэргийн тоог өсгөж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.