Тусламж оройтсонд Б.Асад, НҮБ хоёр буруутай гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хүмүүнлэгийн тусламжийн ачаа ба аврагчдыг нэвтрүүлэх зөвшөөрлийг бүтэн долоо хоногийн өгөлгүй саатуулсан Сирийн засгийн газрын буруугаас үүдэн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст хүргэх тусламж хэт оройтож очжээ. Энэ бол олон улсын эрхзүйн шинжээчид, Олон улсын шүүхийн шүүгчид, НҮБ-д ажиллаж байсан албан тушаалтнууд ба хуульчдын хийж буй дүгнэлт юм. Газар хөдөлснөөс хойших эхний 72 цаг бол хамгийн чухал цаг мөч бөгөөд нурангинд дарагдсан амьд хүмүүсийг аврах боломж хамгийн өндөр байдаг. Гамшиг болсны дөнгөж дараахан НҮБ-аас Сирийн эрх баригчдад хандан, тус улсын баруун хойд нутагт /сөрөг хүчний хяналтанд байгаа/ хилийн шалган нэвтрүүлэх нэмэлт цэг нээж өгөхийг хүсчээ. Ер нь бол ийм ноцтой гамшиг болсон тохиолдолд Дамаскийн эрх баригчдаас хариу хүлээлгүйгээр олон улсын эрхзүйн зарчмыг НҮБ баримтлах ёстой байсан гэж шинжээчид үзэж байна.

“Хэрвээ хилийн шугамын цаана байгаа өлсөж буй бяцхан хүүхдэд хуурай сүү хүргэж өгч болохгүй гэж хуульд заасан бол ийм хуулийг шууд л зөрчих хэрэгтэй” гэж Эндрю Гилмор ярьж байна. 2014 онд Сирийн босогчдын хяналтанд байсан нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай НҮБ-ын эхний тогтоол гарч байх үед Э.Гилмор тус байгууллагад өндөр албан тушаал хашиж байв.

“Гамшиг нэрвэсэн даруйд шуурхай арга хэмжээ авах нь хамгийн чухал. Гэтэл НҮБ ямар нэгэн зүйлийг хүлээгээд хөшчихсөн мэт байсан” хэмээн хүний эрхийн хуульч Сара Кайали ВВС агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ. 2 дугаар сарын эхээр болсон газар хөдлөлтийн уршгаар Сирийн 6 мянга орчим иргэн амиа алдаж, 8,7 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Турк, Сирийн нутгийг хамарсан гамшигт өртөн нийт 52 мянга орчим хүн амиа алдсан байна. Амиа алдсан сиричүүдийн 4,5 мянга нь сөрөг хүчнийхний хяналтад буй баруун хойд нутгийн иргэд байв.

НҮБ буруутай Хэрвээ НҮБ эрс шийдвэртэй ажилласан бол хавьгүй олон сиричүүдийг аврах боломж байсан хэмээн шинжээчид, НҮБ-д ажиллаж байсан хүмүүс, олон улсын шүүхийн шүүгчид үзэж байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик байгууллагынхаа үйл ажиллагааг зөвтгөж хэлэхдээ “хүмүүнлэгийн тусламжийг хилээр нэвтрүүлэхдээ тухайн улсын эрх баригчдаас зөвшөөрөл авах хэрэгтэй, эсвэл Аюулгүйн Зөвлөлийн нэгдсэн тогтоолыг баримтлах ёстой. Олон улсын эрхзүйн асуудлаар бид хэдэн сар жилээр маргаан өрнүүлэхэд хүрч мэднэ. Хамгийн гол нь, олон улсын эрхзүй нь бидний ажлыг саатуулах ёсгүй гэсэн байр суурийг бид баримталж байна” гэлээ.

НҮБ бол хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээс гадна байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон орны хүчин чармайлтыг уялдуулан зохицуулахад чухал үүргийг гүйцэтгэдэг байгууллага юм. Тухайлбал, тухайн улсаас хүсэлт ирүүлснээс хойш 12-48 цагийн дотор дэлхийн аль ч цэгт UNDAC аврах бригадуудыг байрлуулах ажиллагааг удирддаг.

Хожим тодорхой болсноор, Сирийн баруун хойд нутагт эмнэлгийн түргэн тусламжийн бригадуудыг нэвтрүүлэх хүсэлтийг НҮБ албан ёсоор гаргаагүй ажээ. Мөн UNDAC-ийн аврах ангиудыг байрлуулах хүсэлт гаргасан эсэх нь ч тодорхойгүй байна. Харин С.Дюжаррик үүнийг няцааж хэлэхдээ “гамшиг болсон газарт аврах бригадууд цөөхөн байсан нь Сирийн засгийн газрын гаргасан зарим шийдвэртэй холбоотой, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд бий, улс төрийн янз бүрийн асуудлууд ч үүнд нөлөөлсөн” гэдгийг дурдлаа.

Олон улсын эрүүгийн шүүхийн тусгай зөвлөх Марко Сассоли ярихдаа “НҮБ-ын хувьд, Сирийн талаас зөвшөөрөл авалгүйгээр, Женевийн Конвенцийн үндсэн дээр тусламжийг илгээх боломж байсан” гэлээ. Сири улсын нэгдэн орсон тус Конвенцид зааснаар “бие даасан аливаа хүмүүнлэгийн байгууллага нь сөргөлдөөнд оролцож буй бүх талд өөрийн тусламж үйлчилгээг санал болгох эрхтэй” гэдгийг тэрбээр сануулан хэлэв.

Гэр бүлийнхнийгээ хайсан Омар Хажи улаан гараараа нурангийг малтаж байв

НҮБ шуурхай ажиллаж чадаагүй гэдгийг газар хөдлөлтөнд эхнэр, 5 хүүхдээ алдсан Омар Хажи хэлж байна. Түүний 6 дахь хүүхэд болох 14 настай Абдурахманыг сураггүй алга болсонд тооцож байсан боловч эсэн мэнд олдсон юм. “Хэрвээ НҮБ-ын тусламж арай эрт ирсэн бол олон зүйл өөрөөр эргэх байсан” хэмээн Омар харамсан ярьж байна.

АНУ-ын гоомой алхам

Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс Вашингтоны эрх баригчид Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ түр хугацаанд зөөлрүүлсэн гэдгийг New York Times сонинд дурджээ. Тухайлбал, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудийг сэргээн босгоход зориулсан мөнгийг чөлөөтэй шилжүүлэхийн тулд Сирийн банкны системд тогтоосон хоригийг 6 сарын хугацаагаар цуцалсан байна.

Тус сонинд дүгнэн бичсэнээр бол, гамшиг тохиосны дараах эхний цагууд, эхний хоногуудад Башар Асадын санааг хамгийн ихээр чилээж байсан асуудал нь хоригийг цуцлах явдал байжээ. Тэрбээр онц байдал болон гашуудал зарлаагүй төдийгүй гамшиг болсноос хойш хэдэн хоногийн дараа газар хөдлөлт болсон бүсэд очсон байна. Гэтэл гамшиг болсон эхний өдөр түүний засгийн газар Барууны орнуудад хандан хоригоо цуцлахыг уриалж байв. Вашингтон эхэндээ үүнд татгалзсан хариу өгсөн боловч дараа нь буулт хийжээ. Европын Холбоо мөн адил Сирийн эсрэг багц хоригоо түр цуцлав.

Барууныхан Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах болсон нь Дамаскийн эрх баригчид тус улсад өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааг хатуу ширүүнээр нухчин дарсан, Ойрхи Дорнодод түрэмгий бодлого явуулж буй Ирантай нягт хэлхээ холбоо тогтоосон болон бусад хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй.

New York Times сонинд бичсэнээр, газар хөдлөлт нь Башар Асадын дэглэмийн хувьд “улс төрийн олз” болсон бөгөөд тэрбээр дэлхий олон нийтийн өрөвч энэрэнгүй сэтгэлийг өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглахаар оролдож байгаа ажээ. Саяхныг хүртэл Асадтай харилцахаас цэрвэсээр ирсэн Арабын орнуудын удирдагчид хүртэл түүнд эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн тусламж илгээсээр байна.

Барууны хориг суларсныг далимдуулан Асад болон түүнийг тойрон хүрээлэгчид засаглалынх нь тулгуур болж буй санхүүгийн бааз сууриа бэхжүүлж магадгүй гэх болгоомжлол бий. Гэвч хориг суларсныг урвуулан ашиглах явдлыг гаргуулахгүй байх арга хөшүүрэг АНУ-ын Сангийн яаманд бий хэмээн Төрийн Департамент мэдэгдсэн боловч түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэсэн асуултанд хариулсангүй, Сангийн яам ч ямар нэгэн тайлбар өгсөнгүй.


Сэтгэгдэл

НҮБ-ыг байлгах хэрэгтэй юу? [139.5.218.33] 2023-03-13 17:20:13

Новш! Сири улс дэлхийд ийм муу нэртэй, луу данстай байгаад байхдаа яавдаг юм бэ? Улс төр гэж нэг юм, харин хүнлэг ёс хүмүүнлэгийн тусламж гэж шаал өөр зүйл ш дээ. Дэлхийн тусалвал тусалсан шиг тусал. Харин АНУ-гаас бүхэлдээ хамаардаг болчихсон юм бол НҮБ-ээ тарааж үгүй хий. Үхсэнээ хийж ийм олон улсын байгууллагыг байлгах юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.