Татвараас зугтсан “Валестия” компанийн удирдлагад хоёр жилийн ял оноожээ
Татвар төлөхөөс зайлсхийсэн ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 09-10-нд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүхээс ОХУ-ын иргэн С нь “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн 2014-2019 оны хоорондох татвар ногдох орлогоос нийт 223 сая төгрөгийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсууд руу байнга шилжүүлэн мөнгө угаасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан данснаас 445.9 сая төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл