32.5 САЯЫГ ДЭЭРЭМДЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Чилийн нийслэл Сантьяго хотын Артуро Мерино Бенитез олон улсын нисэх буудалд онгоцноос буулгаж байсан 32.5 сая ам.долларыг дээрэмдэхээр 10 гаруй зэвсэгт этгээд халджээ. Энэ үед хамгаалалтын ажилтнууд болон дээрэмчдийн хооронд буудалцаан болж, хоёр талаас нэг нэг хүн амь үрэгдсэн байна. Их хэмжээний бэлэн мөнгийг “LATAM” авиа компанийн онгоц АНУ-ын Майами хотоос тээвэрлэж ирснийг хамгаалалтын компани автомашинд шилжүүлэн ачиж байжээ.
Сүүлийн жилүүдэд Чили улсад зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нисэх буудлууд тэдний халдлагад өртөх болсон юм. 2017 онд зэвсэгт этгээдүүд нисэх буудлаас $18 саятай тэнцэх бэлэн мөнгийг дээрэмдэж байсан бол гурван жилийн дараа хуягласан автомашинаас $15 саяыг дээрэмдэж байжээ.
Энэ удаагийн ажиллагаа маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байсныг Чилийн дотоод хэргийн сайд Мануэл Монсалве сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Дээрэмчид харуулын ажилтныг хүлээд гурван автомашинаар нисэх буудлын ачааны хэсэгт нэвтэрчээ. Тэд бэлэн мөнгийг нисэх буудлаас тээвэрлэн гаргахаас өмнө амжиж дээрэмдэх зорилготой байсан байна.
Буудалцааны үеэр дээрэмчид зугтсан бөгөөд хоёр автомашин нь нисэх буудлын ойролцоох хурдны зам дээр шатжээ. Зугтсан дээрэмчдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Чилийн дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл