Инфографик: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Энэ хуулийн зорилт нь авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах үүднээс үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтүүдийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэн хуульчилсан. Тухайлбал:
- Хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ.
- Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно.
- Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг тусад нь хуульчилж, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгаж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
- “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгав.
- Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол ялын бодлогыг чангатгаж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялын хасаж, эрх хасах ялыг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар нэмэгдүүлэв.
- Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, Дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцох, Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний эрх хасах ялыг нэмэгдүүлж, хүндрүүлэх бүрэлдэхүүнд эрх хасах ялыг нэмэхээр тус тус тусгаад байна.
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр ялын бодлогыг хүндрүүлэв.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгав. Мөн Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд тус тус орууллаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, авлигын гэмт хэргийн гаралт буурах бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмын хэрэгжилт баталгаажна.
Сэтгэгдэл
ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ [202.21.102.231] 2023-03-14 14:15:10
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүнд гэмтэл учруулсан бол шууд бүх насаар нь хорих заалт оруулаачээ энэ их хурлын хэдэн майлсан хиймэл авгай нар та нар нэж эх хүмүүс мөн үүү