Дэлхийн зэвсэг нийлүүлэлтийн зах зээл дээр АНУ, ОХУ тэргүүлсэн хэвээр байна
Дэлхийн зэвсэг нийлүүлэлтийн зах зээл дээр АНУ болон Орос улс тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ АНУ-ын зэвсгийн экспорт өсөж, эсрэгээрээ Оросынх унасныг Стокхольмын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд тэмдэглэжээ. 2018-2022 оны хугацаанд АНУ-ын зэвсгийн экспорт өнгөрөгч таван жилийн үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлийн 40 хувийг дангаараа эзэлсэн байна. Энэ хугацаанд Оросын зэвсгийн худалдаа өмнөх таван жилээс 31 хувиар унаж, дэлхийн зах зээлийн 16 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ өнгөрөгч 2022 онд Украин улс зэвсгийн импортын хэмжээгээрээ Катар, Энэтхэгийн араас гуравдугаарт жагссан байна.
Харин 2018 оноос хойших сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзвэл, дэлхийн импортын хоёр хувийг эзэлж, 14 дүгээр байрт орж байна. Киевийн зэвсгийн хамгийн том нийлүүлэгчээр АНУ, Польш, Герман улс оржээ. Орос Украин руу халдан довтолсноос хойш АНУ-аас тус улсад нийлүүлэх зэвсгийн тоо эрс нэмэгдсэн боловч Кувейт, Саудын Араб, Катар, Япон улс АНУ-ын зэвсгийн хамгийн том импортлогчид хэвээр байна.
АНУ эдгээр улсад байлдааны онгоц, пуужингаас хамгаалах систем зэрэг илүү орчин үеийн, дэвшилтэт зэвсэг нийлүүлсэн бол Украинд ихэвчлэн Пентагоны агуулахаас хуучин зэвсэг олгосныг Стокхольмын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Сэтгэгдэл