Токиод сакура цэцэглэж эхэлжээ
Токио хотод сакура цэцэглэх улирал мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэлснийг Японы үндэсний цаг уурын албанаас зарлалаа. Өнөөдөр Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх "тусгай хяналтад” байдаг модонд анхны цэцэг дэлбээгээ нээжээ. Цаг уурчдын мэдээлснээр, энэ оны хувьд нийслэл Токио хотод сакура цэцэглэх улирал жилийн дунджаас 10 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд 1953 оноос ийм статистик хөтөлж эхэлснээс хойш цагаасаа эрт цэцэглэсэн гурван жилийн (2020, 2021 он) нэг болжээ.
"Тусгай хяналтад” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиод сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Интоорын модны бүх ойг хянадаг Японы цаг уурын албаныхан цэцэг дэлбээлэх явцыг гуравдугаар сарын эхнээс ажиглаж эхэлдэг байна. Тус албаны ажилтан Ясүкүни сүмд очиж интоорын модны мөчир дээрх ягаан цэцгийн дэлбээг нүдээр харснаар “Токиод сакура цэцэглэлээ” хэмээн албан ёсоор зарладаг.
Энэ жил коронавирусний халдварын тархалт Японд үндсэндээ хумигдсан тул сакура цэцэглэдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хязгаарлалт тогтоохгүй байх төлөвтэй байна. Япончууд сакураг улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг гэж үздэг. Интоорын мод бүрэн цэцэглэх үе ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог ажээ. Японд нийтдээ сакурагийн үндсэн таван төрөл, 200 орчим эрлийз сорт ургадаг байна.
Сэтгэгдэл