“Meta” дахин 10 мянган ажилтнаа цомхотгоно
"Facebook", "Instagram", "Whatsapp" мессенжер зэрэг олон нийтийн сүлжээг эзэмшдэг “Meta Platforms” корпорац 10 мянган ажилтнаа цомхотгохоор бэлтгэж байгаагаа зарлалаа. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд “Meta” компанийн хоёр дахь томоохон цомхотгол бөгөөд 11 дүгээр сард тус компани 11 мянган ажилтнаа халсан юм. Гүйцэтгэх захирал Марк Цукерберг ажилтнуудаа хандан мэдэгдэл хийхдээ, цомхотгол хийх "амаргүй" байгааг хэлж, энэ нь "үр ашгийн жил" нэртэй компанийн төлөвлөгөөний нэг хэсэг болохыг дурджээ. Мөн тус компани одоо байгаа 5000 сул орон тоонд ажилтан авахгүй байна.
Орлого нь ихээхэн буурсан 2022 он компанийн хувьд "сэхээрэл, түгшүүрийн дохио өгсөн" жил байсан гэж М.Цукерберг үзэж байна. Компанийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох хүчин зүйлсүүдээр тэрбээр бодлогын хүүгийн өсөлт, дэлхийн геополитикийн тогтворгүй байдал, зах зээлийн илүү хатуу зохицуулалт зэргийг нэрлэжээ.
“Бид эдийн засгийн энэ шинэ бодит байдал олон жилийн турш үргэлжлэхэд бэлэн байх ёстой гэж бодож байна” гэж М.Цукерберг мэдэгдсэн байна. Эхний цомхотголыг компанийн техникийн хэлтсүүдэд дөрөвдүгээр сарын сүүлчээр, бизнесийн хэлтсүүдэд тавдугаар сарын сүүлчээр эхлүүлэх аж.
“Meta” ажилтнуудынхаа тоог цөөлж байгаа IT салбарын цорын ганц компани биш юм. “Google”-ийг эзэмшдэг “Alphabet” компани хэдийнэ 12 мянган хүнээ цомхотгосон бол “Amazon” компани "эдийн засгийн тодорхойгүй байдлын" улмаас 18 мянган ажилтнаа цомхотгох болсноо мэдэгдээд байна. “layoff.fyi” цахим хуудсанд мэдээлснээр, энэ онд IT салбарын нийтдээ 128 мянга гаруй ажилтан цомхотголд орсны улмаас ажлаасаа халагджээ.
Сэтгэгдэл