Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй шинэ номоо хэвлүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

2016-2019 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тереза Мэй шинэ номоо ирэх есдүгээр сарын 14-нд худалдаанд гаргах гэж байгаа талаар “Headline” хэвлэлийн газар мэдээлжээ. "Эрх мэдлээ урвуулан ашиглах нь" (Abuse of Power) нэртэй уг номдоо тэрбээр Их Британид улс төрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал бодлоо хуваалцсан байна.

“Тереза Мэй нь эрх мэдлээ урвуулан ашигласны хөнөөлт үр дагаврыг хувь хүмүүс үүрч, улс төрчид, төрийн байгууллагуудын нэр хүнд унаж, тэдэнд итгэх итгэлийг алдагдуулж буй олон асуудалтай нүүр тулж байжээ” гэж хэвлэлийн газар мэдэгдэлдээ дурджээ. Тухайлбал, 2017 онд “Grenfell Tower” орон сууцны олон давхар байшинд гарсан түймрийн улмаас 71 хүний амь эрсэдсэн үйл явдлыг дурдсан байна.

Үүнээс гадна, 1987 онд болсон хувийн мөрдөгч Дэниел Морганы аллага, "Хиллсборо" цэнгэлдэх хүрээлэнд 1989 онд болсон эмгэнэлт явдал, мөн парламентын бусад олон дуулиант хэргүүдийн үед Их Британийн эрх баригчид ямар арга хэмжээ авсан талаар Т.Мэй өөрийн дүгнэлтийг өгсөн аж.

“Headline” хэвлэлийн газрынхан Ерөнхий сайд асны номыг “шударга бус явдлыг хайр найргүй илчилж, эрх мэдлээ нийтийн сайн сайхны төлөө ашиглахыг чин сэтгэлээсээ уриалсан” ном хэмээн тодорхойлжээ. Харин Т.Мэй мэдэгдэхдээ, “Би анх Ерөнхий сайдын хувиар Даунинг гудамжны 10-р байрны шатан дээр зогсож байхдаа шударга бус явдалтай тэмцэж, хүчирхэг хүмүүсийн төлөө биш, харин ард түмний төлөө төрийн жолоог атгах хүсэл эрмэлзлээ тодорхойлсон байлаа. Засгийн газарт ажиллах хугацаандаа сорилт бэрхшээл тулгарах үед төрийн байгууллагууд үнэнийг эрэлхийлэхийн оронд өөрсдийгөө хамгаалахын тулд эрх мэдлээ хэрхэн урвуулан ашиглаж байдгийг олон удаа харж байсан” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Их Британийн ардчилал "төрийн байгууллагадаа, улс төрчдөдөө итгэдэг ард иргэдээсээ хамааралтай" гэж Засгийн газрын тэргүүн асан нэмж хэлсэн байна. "Би "Headline"-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Учир нь миний энэ номонд оруулсан жишээ баримтууд цаг хугацааны явцад энэ итгэл хэрхэн алдарч, бид яагаад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна" гэж тэрбээр хэлжээ. Т.Мэй 2019 онд Ерөнхий сайдын албан тушаалаас буусны дараа улс төрд үлдэж, Их Британийн парламентын дээд танхимд дахин сонгогдсон юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.