Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран алга болсныг илрүүлжээ
Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Ливийн полигоноос 2.5 тонн орчим уран ор сураггүй алга болсныг илрүүлжээ. Энэ тухай тус байгууллагын тэргүүн Рафаэль Гросси гишүүн орнууддаа нууцаар мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулсан байна.
Тус агентлагийн шинжээчид гуравдугаар сарын 14-нд шалгалт хийхэд ураны хүдрийн концентрат хэлбэрээр хадгалж байсан 2.5 тонн хэмжээтэй, 10 торх байгалийн уран Ливийн мэдэгдлийн дагуу байх ёстой газраа огт үлдээгүй байсан гэжээ.
Уран Ливийн Засгийн газрын хяналтаас гарсан объектоос алга болсон гэж тус агентлаг тэмдэглэсэн байна. Олон улсын атомын энергийн агентлаг уран хадгалсан газарт өнгөрсөн онд шалгалт хийхээр төлөвлөж байсан ч Ливийн нөхцөл байдлаас болоод шалгалтын ажиллагааг хойшлуулсны эцэст энэ мягмар гарагт явуулсан гэжээ.
Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси нөхцөл байдлыг тодруулж, ураны байршлыг олж тогтоохын тулд цаашдын арга хэмжээ авна гэсэн байна. Түүнчлэн тэрбээр цөмийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудал санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Ливи улс олон жилийн өмнө химийн зэвсэг, цацраг идэвхт материал хуримтлуулсан юм. Ерөнхийлөгч агсан Муаммар Каддафийн үед тус улсад ипритийн хий, баяжуулсан уран үйлдвэрлэхэд ашигладаг ураны концентрат зэргийг нөөцөлжээ.
Зарим хэвлэлд 2.5 тонн уранаар цөмийн бөмбөг хийх боломжгүй гэж мэдээлж байна. Цөмийн бөмбөг хийхийн тулд ураныг баяжуулах ёстой. Бохир цөмийн бөмбөг хийхийн тулд ч баяжуулсан уран хэрэг болдог бөгөөд дэлхий дээр тун цөөхөн орон уран баяжуулах чадвартай юм байна.
Үүнээс гадна атомын цахилгаан станц дээрх энгийн цөмийн реакторыг ачаалахад ийм бага хэмжээний уран хангалтгүй гэж мэдээлж байна.
Канад, Австралид хэрэглэж байгаа загвараас бусад аливаа реакторт байгалийн бус, баяжуулсан уран хэрэг болдог. Атомын цахилгаан станцтай бүх улс станцуудад нийлүүлэгдэх материалаа маш нарийн шалгаж, гэрээний дагуу авдаг, үүнийг нь зохицуулах байгууллагууд шалгадаг гэж шинжээчид мэдээлж байна.
Сэтгэгдэл