Францад маргаан дагуулсан хуулийн төслийг парламентад санал хураахгүй батлахаар болсныг мэдэгджээ
Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас санал болгосон хуулийн төслийг парламентад санал хураалт явуулахгүй батлахаар болсныг мэдэгджээ. Тэрбээр пүрэв гарагт парламентын доод танхим буюу Үндэсний хурлын депутатуудад хандаж үг хэлэхдээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Бид парламентын хороод хооронд хүрсэн зөвшилцлийг эрсдэлд оруулж чадахгүй. Бид ирээдүйн тэтгэврийн тогтолцоонд мөрий тавьж болохгүй. Энэ шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Манай Засгийн газар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зохицуулах хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний хуралд өргөн барьсан 2023 оны Нийгмийн даатгалын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хариуцлагыг бүхэлд нь хүлээж байна" гэж Францын Ерөнхий сайд хэлжээ.
Засгийн газрын тэргүүний парламентад үг хэлэхээр товлосон хугацаа хэд хэдэн удаа хойшилжээ. Эхлээд сайд нарын танхимын гишүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны даргалдаг Сайд нарын зөвлөлийн хуралдаанд саатсан бол дараа нь зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын депутатууд төрийн дууллаа дуулж тэтгэврийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг тасалдуулжээ. Тэдний зарим нь Э.Борныг үг хэлж эхэлсний дараа ч төрийн дууллаа үргэлжлүүлэн дуулж, зарим нь уриа лоозон хашгирч, Засгийн газрыг огцрохыг шаардсан байна.
Тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлэг Үндэсний хуралд санал хураалт явуулснаар дуусгавар болгох ёстой байжээ. Уг хуулийн төсөлд тэтгэврийн насыг 64 болгон нэмэгдүүлэх, тэтгэврийн олон төрлийн хөнгөлөлтүүдийг цуцлах тухай тусгажээ. Францын Сенат буюу парламентын дээд танхим уг хуулийн төслийг олонхын саналаар пүрэв гаргийн өглөө баталсан юм.
Сэтгэгдэл
Энэ чинь тэгээд ардчилал уу? [139.5.218.33] 2023-03-18 01:17:39
Ардчилсан улс энэ мөн үү? Чухамхүү "ард нийтийн санал асуулга", "ард түмний санал хураалт" гэдэг ойлголтуудыг урь өмнө нь Франц гаргаж ирсэн биздээ. Гэтэл одоо эсрэгээр хуулийг Засгийн газар нь дангаараа гаргаад л. Энэ чинь тэгээд ардчилсан ёс уу??? Монгол тэгээд энэ "ардчиллаас" суралцах уу?