ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Америкийн Пентагоны тэргүүнтэй утсаар хэлэлцээ хийжээ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Америкийн Пентагоны тэргүүн Ллойд Остинтой утсаар хэлэлцээ хийжээ. Лхагва гарагт болсон энэ хэлэлцээ Америкийн талын санаачилгаар болсон гэж Оросын тал мэдээлсэн байна. АНУ-ын БХЯ ч мөн Шойгу, Остин нарыг хэлэлцээ хийснийг баталсан. Оросын нисгэгчдийг Хар тэнгисийн дээгүүр, олон улсын агаарын орон зайд мэргэжлийн бус, аюултай, бүдүүлэг үйлдэл гаргасан асуудлаас болоод утсаар ярьсан гэжээ.
АНУ-ын дронууд олон улсын эрх зүйгээр зөвшөөрсөн хаана ч үргэлжлүүлэн нисэх болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд энэ үеэрээ мэдэгджээ. Сүүлд нь Оросын БХЯ Сергей Шойгу, Ллойд Остин нарыг дрон унасан шалтгаан, үр дагавартай холбоотой асуудлаар санал солилцсон гэж мэдээлсэн байна.
Оросын Батлан хамгаалахын сайдын хувьд ОХУ-аас зарласан нислэг хязгаарласан бүсийг баримтлаагүй Америкийн талын үйлдлээс болоод дрон унасан гэсэн байна. Түүнчлэн Америкийн дронууд Крымын эргийн ойролцоо нисэх нь өдөөн хатгалгын шинжтэй, Хар тэнгисийн бүсийн нөхцөл байдлыг хурцатгах эхлэл тавьж байна гэж буруутгажээ.
ОХУ-ын хувьд ийм хурцадмал байдал үүсгэх сонирхолгүй ч өдөөн хатгалгад адилхан хариу барих болно гэж Сергей Шойгу анхааруулсан гэжээ. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьсны дараа АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Марк Милли, ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нар Хар тэнгист унасан Америкийн дроны асуудлаар утсаар ярьсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Америкийн тандалтын “Эм-Кю-9 Рийпер” загварын дрон энэ сарын 14-ний өглөө Хар тэнгист унасан. Энэ үйл явдлыг АНУ-ын талаас дрон олон улсын агаарын орой зайд нисэж яваад Оросын "Су-27" сөнөөгч онгоцтой мөргөлдөж сүйрсэн гэж мэдээлж байгаа юм. Харин Оросын БХЯ дроныг нислэг хязгаарласан бүсэд нисэж яваад сүйрсэн, сөнөөгч онгоцтой мөргөлдөөгүй гэжээ.
Сэтгэгдэл
Batuaj [103.212.118.77] 2023-03-18 00:13:53
Daind anu orood irlee. Anu boliosoi