ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРЭГТНҮҮДДЭЭ ХОЙД ЭХ, ХОНГОР ЭЭЖ ШИГ ЯЛГААТАЙ ХАНДАЖ БАЙНА
Саяхан жагсагч Д.Монголхүү, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нарыг ноцтой гэмт хэрэгтнүүд гэж үзэн шүүхээс ял оноож шоронд явууллаа. Тухайлбал, иргэн Д.Монголхүүг эмнэлэг ороод харихдаа зөвшөөрөлгүй өөр замаар явсан гээд, энэхүү үйлдлийг нь онц аюултай гэж үзээд ял оноолоо. Яллагдагч Д.Монголхүүгийн хувьд зургаан цагдаа зодсон гэх хэргээр нэг жилийн хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулаад байсан. Тэгэхдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хаашаа ч явахгүй байх шийтгэл хүлээж цахим гав зүүсэн. Гэтэл зөвшөөрөлгүй замаар явлаа гээд ялтан боллоо.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн тухайд дөрвөн зүйл ангиар ялын тогтоол уншуулсан.
Түүнийг Хөх хотын ерөнхий консулаар ажиллаж байхдаа өөрт оногдуулсан байраа томсгосон, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, дэд консулдаа 700 мянган төгрөг, Бямбаа гэгч хүнд 300 мянган төгрөг, өөрийн эхнэр Бямбажаргалд 500 мянган төгрөг илүү олгосон, нийтдээ улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Мөн Гадаад хэргийн яамны ажилчид, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн 23.1.1 гэсэн зүйл ангиар буруутгасан. Энэ нь мэдээж Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Анхбаярт салаавч гаргасан асуудал. Дээрээс нь Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Оюунбилэг гэж хүнийг Ц.Нямдоржийн нууц амраг гэж гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж үзсэн. Ингээд дөрөвт нь “Евро сервис” компанийн газартай холбоотой маргаан, УИХ-ын даргын хэвлэлийн албыг хариуцаж байсан Б.Эрдэнэбаяр гэгчид 30 сая төгрөгийн авлига өгсөн гэх асуудлаар Эрүүгийн хуульд заасны дагуу яллаж гурван жил 10 сарын ял оноосон юм.
Ар гэрийнх нь зүгээс “Гурав, дөрвөн жилийн өмнөх консулын асуудлыг одоо сөхөж гаргаж байгаа нь энэ бол захиалгатай ял гэдэг нь харагдаж байна. Ц.Нямдорж гэж хүний захиалгаар Д.Мөнх-Эрдэнийг 90 хоног хорьсон. Одоо дөрвөн жилээр яллаж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн бол өмгөөлөгч нь “Хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал, галт тэргээр явах байсныг нь онгоцоор ниссэн гээд бас 500 мянган төгрөгийн асуудал гэдэг ч юм уу үнэн инээдэмтэй жижигхэн юмаар яллачихлаа. Тав хоногийн дотор 82 сая төгрөгийн асуудлыг барагдуулах хууль эрх зүйн хувьд боломжтой, гэвч шүүхээс энэ боломжийг нь өгөлгүй шууд ялыг нь өгөөд явууллаа” гэдгийг хэлсэн.
Ийнхүү Монголын хуулийн байгууллагыг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн, нам улс төрийн хүчин, өөрийн хувийн байгууллага шигээ удирдаад ардчиллын дуу хоолой болсон, шударга ёс, тэгш эрхийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг яллалаа. Олон нийтийн зүгээс ингэж эсэргүүцэж байна. Хувийн хэвшлийн эзэн өөрийн байгууллагыг удирдахдаа бүх л зүйлийг өөрийнхөө хүссэн, санасны дагуу явуулдаг.
Тэрийг тэгж хийнэ, энийг ингэж өөрчилнө гээд өөрийнхөө санасны дагуу хийдэг. Хэрвээ хэн нэгэн санаа бодлыг нь эсэргүүцвэл түүнтэй хамтарч ажиллахаасаа татгалздаг. Яг үүн шиг эрх баригч нам, эрх мэдэлтэй албан тушаалтнууд хуулийн байгууллагыг хувийн байгууллага шигээ удирдаж, хэнийг хорьж, хэрхэн яаж яллахыг санасныхаа дагуу шийдчихэв үү хэмээн хардахад хүргэлээ. Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарын шүүх хурал үүнийг бататгаад өгөх шиг боллоо.
Хуульч Ж.Баярмаа “Д.Мөнх-Эрдэнэд ял оноосон асуудалд шүүх хэн нэгэн хүний, улстөрчдийн магадгүй эрх баригч МАН-ын захиалгаар шүүх ажиллагаагаа явуулж байгааг үгүйсгэхгүй ийм байдалд хүрлээ. Та бүхэн сонссон байх. Шүүгч Отгонцэцэг нь Архангайгаас ирж томилогдоод, хэрвээ ял оноох юм бол хотод үлдэнэ гэсэн яриаг Мөнх-Эрдэнэ өөрөө хэлсэн, протоколд үлдсэн. Мөн прокурор Ганхөлөг гэдэг хүн ял өгөхгүй бол болохгүй байна. Дээрээс намайг ял өг гэж шахаад байна гэдэг зүйлийг хэлснийг Мөнх-Эрдэнэ бас өөрөө хэлсэн. Тэгэхээр шүүх ажиллагаа нь бүхэлдээ шүүгчид, прокурорынхны албан тушаал ахидаг хэрэгсэл болж хувирах вий. Мөнх-Эрдэнийн ярианаас маш ноцтой зүйл сонсогдож байна.
Шүүгчийн албан тушаал ахих, прокурорын албан тушаал ахих асуудлыг шүүх ажиллагааны хэрэгсэл болгож болохгүй. Ард түмэн шүүхэд улам итгэх итгэлгүй болно. Монголын шүүх өнөөдөр МАН-ын даалгаврыг биелүүлээд байгаа юм биш байгаа гэх хардалтыг төрүүлж байна” гэж хэлсэн. Шүүхээс 82 сая төгрөгийн хохирол учруулсан гэж Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн ял оноолоо. Тэгвэл 40 их наядаар нь идэж, улс орноо тоносон нүүрсний хулгайчдын хэрэг, 3.2 их наядын чанаргүй зээлийн асуудалтай Хөгжлийн банкийг тоносон хулгайчдын хэрэг, мөн ЖДҮ-гээс зээл нэрээр улс орноо тоносон албан тушаалтнууд, дарга сайд нартайгаа Монголын шүүх хэрхэн тэмцэж байгаа билээ.
Хөгжлийн банкнаас зээл олгоход эрх мэдэл давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарыг яллагдагчаар татлаа гээд байсхийгээд мэдээлдэг. Гэвч асуудал нь хуулиар шийдэгдсэн нь хэн байна. УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд байсан Б.Батзориг эрх мэдлээ ашиглан 8.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон.
Мөн тэрээр УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд ЖДҮ-ийн зээл олгосон асуудалд холбогдсон байдаг. Гэвч түүнд Монголын шүүх 40 сая төгрөгийн торгууль оногдуулаад ялаас мулталж байсан. 82 саяын хохирол учруулсан Д.Мөнх-Эрдэнэ дөрвөн жилийн ялтай, 8.6 тэрбумын хохирол учруулсан Б.Батзориг 40 саяар торгуулаад ялгүй салж байгаа нь тэгээд шударга уу. Албан өрөөнөөс нь 10 мянган доллар, 10-аад сая төгрөг гарсан, авлига авсан нь батлагдсан Д.Хаянхярваа 40 саяар мөн торгуулаад ялгүй мултарсан.Мөн ЖДҮ-гээс тэрбум тэрбумаар нь зээл авсан Х.Болорчулуун, Б.Саранчимэг гээд гишүүн сайдууд өнөөдөр хууль батлаад, яам удирдаад явж байна. Хөгжлийн банкинд өндөр алба хашиж байхад нь хулгайн хэрэг дэгдсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ гэгч хуулийн байгууллагад шалгуулж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй дархан эрхтэй байж байна.
Дээрээс нь нүүрсний 40 их наядын хулгайн хэрэг байна. Нүүрсний хулгайн асуудал хий л нийгмийн дуулиан болоод байгаагаас яг хууль шүүхээр шийдэгдсэн, ял зэм хүлээсэн нь хэн байгаа юм бэ. Д.Мөнх-Эрдэнийн жишгээр бол С.Батдөл 249 жил найман сар, Б.Батзориг 294 жил 4 сар, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар 479 жил 2 сар гэх мэтчилэн хоригдох байжээ гээд хүн бүхэн тооцоо судалгаатай гаргаж ирээд нийтийн сүлжээнд бичиж байна. Үүнийг эрх баригчид эрхбиш харж байгаа байх.
“Авлига, хулгайн ноцтой хэргээр шалгагдаж буй этгээдүүд гадуур дотуур сул чөлөөтэй явж байхад Д.Монголхүү гэж энэ залууг барьж хорьсон нь зөв, шударга шийдвэр болж гэж гадна дотны хэнд ч харагдахгүй. Ер нь түүнийг яагаад хорьсон бэ. Украинд өдөөсөн дайныг иргэнийхээ хувьд эсэргүүцсэн учраас уу” гэж Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн бодлоо илэрхийлсэн байсан. Д.Монголхүүгийн тухайд бол цагдаа зодсон гэх асуудал нь өөрөө хачирхалтай. Төрсөн эгчийнх нь хэлж байгаагаар бол “Цагдаа нар өөрсдөө нийлж зодоод давсаг, түрүү булчирхайг нь гэмтээсэн, гэрт нь орж тав, зургуулаа нийлж зодсон. Ах дүүсийг нь ална, хядна, голомтоор нь устгана гэж байнга дарамталдаг” гэсэн. Тэгэхээр шуудхан хэлэхэд, “No Double standart” хөдөлгөөний залуусыг Оросын Элчингийн шахалтаар яллаж байна гэж олон нийтийн хардаад байгаа үнэний ортой.
Энэ бүхнээс харахад Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарт тулгасан ял хэн нэгэн албан тушаалтан, эрхтэн дархтан, эрх баригч намын шийдвэрээр явсан байх магадлалтай нь харагдаж байна. Ер нь хууль шүүхийн байгууллагыг хувийн байгууллага шиг болгосны нэг илрэл Т.Бадамжунай дээр айхтар мэдрэгдэнэ билээ. Түүнийг шүүх шүүгчид олдохгүй байсныг юу гэж ойлгох уу.
Д.Мөнх-Эрдэнэ гэх залууг улсын мөнгөөр хүүхдээ сургуульд сургасан, эхнэртээ 500 мянган төгрөг илүү өгсөн гэж ял оноож байгаа хууль, шүүхээс одоо ЖДҮ-гийн хэрэг, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг яг ийм зарчмаараа түргэн шуурхай шийдвэрлэхийг ард түмэн одоо шаардах хэрэгтэй. Хичнээн их наядаар нь улс орноо цөлмөсөн эрх баригчид нь албан үүргээ гүйцэтгээд явж байдаг, нийгэмд шударга ёс тэгш эрхийн тухай үгээ хэлж, эрх баригчдыг хатуу шүүмжилж, үнэн мөнийг нь хэлсэн нэг нь ялтан болж байдаг. Монголын хуулийн байгууллага гэмт хэрэгтнүүддээ ингэж зарим нэгд нь хойд эх шиг хатуу хахирган, зарим нэгд нь хонгор ээж шиг нь өр зөөлөн хандаж, алаг үзэж болохгүй ээ. Хууль шүүх бүх хүний ижил тэгш эрхтэй байх үндсэн зарчмаа хадгалах ёстой. Хуулийн байгууллага нь ингэж хэн нэгэн албан тушаалтан, эрх баригчдын дохио зангаагаар хөдөлж, хувийн байгууллага шиг нь байх юм бол улс орон гэж байхын хэрэг байна уу.
Сэтгэгдэл
Зочин [89.144.203.88] 2023-04-22 09:08:20
Д.Мөнх-Эрдэнэ шударга байдлын төлөө цаашид хийх тэмцэл, ажлуудаа лайваараа хэт ил тод,зоригтой ярьсан учраас л но-той, илчлэгдэхээс айсан хүмүүсийн хараанд нь өртчихлөө. Мэдээж захиалгаар баривчилж, ял оноосон нь илэрхий харагдаж байна. Монголын төрд ямар аймаар, ичих булчирхайгүй хүмүүс оршсоор байнаа!!!! Монголоо гэх сэтгэлт хүмүүсээ нуруугий нь авсан морь шиг болгосоор байхуу....Ээ Бурхан минь
Зочин [150.129.140.102] 2023-04-13 16:48:09
Бусад авлигачдын төсвийн мөнгө идэгсдийн элдэв зээлийн санг хоослогсдын хэргийг энэ жишгээр хурдан шийдэхийг сэтгүүлч та нар 4 дэх засаглалынхаа хүрээнд шахаж шаард байнга мэдээл жирийн ард иргэд бүгд дэмжинэээээээ
Иргэн [133.200.133.33] 2023-04-11 22:03:18
Арай л аймар хуулийн дор биш хувийн эрх ашигаар хандаж байна. Хойд эцэг эх нь хүүхдээ адлаж байгаатай агаар нэг. Яана тэмцэдгүй ард мөхдөг гэж мөхөж мөлхөж байна даа дуус дуус
Зочин [202.126.89.6] 2023-04-11 18:11:30
Энэ хуулийг гууль болгож бгаа нөхдүүдийн ээлж нь ирэх байлгүйдэ.мөнх байх юм шиг андуурсаар л байг таануус.