ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ХУЙГААРАА НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ АВАХГҮЙ БОЛ “ЖАНГАА ИДЭХ НҮҮРНИЙ БАЯСГАЛАН” НҮҮРЛЭЧИХЖЭЭ
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаж Монголын гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өдгөөгөөс найман жилийн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 31-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийг баривчилсан нь дээрх хүмүүс байлаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Тагнуул, Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, Прокурорын байгууллагаар хянагдан Шүүхэд шилжсэн. Анхан, давж заалдах, дээд шатны шүүх тэднийг хүн амины энэ ноцтой хэргийг үйлдсэн гэж үзэж 2017 оны наймдугаар сарын 4-нд Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноож шийдвэрлэсэн юм. Гэтэл энэ олон жил мөрдөж шалгасан, түүнийг хянасан, ял оноосон хууль, хүчний байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа худлаа болж таарлаа. Бүр жүжиг болоод явчихлаа. Ингэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуулийн салбарт нэг насаараа ажилласан Ц.Нямдорж нар Төрийн ордноос мэдэгдчихлээ.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаа, Тагнуулын том ажлын хэсэг урт хугацаанд мөрдсөн, тэр ажиллагааг нь Прокурор эхнээс нь дуустал хянаж, Шүүх байгууллага гурван шатаараа ялласан. Эдгээр байгууллагууд бол Монгол Улсад хууль сахиулдаг, дэг журам тогтоодог том тогтолцоо. Гэтэл тэд худлаа ярьж, хэлж иржээ. Нэг хүний үгээр, тушаалаар ажиллаж, жүжиг тоглож ирсэн байна. Үүнийг батлах жишээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгасан явдлаар батлагдлаа. Энэ жишгээр бол хууль сахиулах энэ том байгууллагууд ард түмнээ яаж ч дарлаж, дарамталж, эрхийг нь уландаа гишгэж чадах юм байна. Тэгж ч ирсэн юм байна.
Тэр олон жилийн хугацаанд нэг хүний амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөж илрүүлсэн баримт нотолгоо, олон нийтэд дэлгэж үзүүлж байсан бичлэг сэлтүүд жүжиг болж таарлаа. Төдийгөөс өдийг хүртэл хууль хүчний байгууллагууд хуулиа огт мөрдөхгүй явж ирсэн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг олон жил мөрдөж, хэрэгтнүүдийг олчихлоо гэж зарлан, ялласан ажиллагаа эрүү шүүлтийн хэргээр нуран унаж байгаа нь ерөөсөө л ийм л дүр төрхийг бэлхэнээ харууллаа шүү дээ.
Хэрэв үнэхээр онц хэрцгий энэ хүн амины хэргийг илрүүлж чадсан юм бол, үнэн мөнөөр ажилласан юм бол Монголын хууль хүчний байгууллага, шүүх байгууллагууд олны өмнө гарч ирээд зоригтой дуугар. Цагдаа нар, прокурорууд, шүүгчид хуулиа мөрдөж, тангарагтаа үнэнч зүтгэсэн юм бол өнөөдөр та бүхний ажил чинь салхинд хийсчихлээ. Үүнийгээ олон түмэнд хэл, илчил. Харин хэн нэгнээс тушаал аван, хэн нэгний даалгавраар ажиллаж, бусдыг эрүүдэн шүүж, хилсээр ял тулгасан бол “Чангын шоронгийн нүүрний баясгалан” нүүрлэж, жангаа идэх цаг иржээ. Энэ бол шоронгийн хэллэг. Та бүхний хамгийн сайн мэдэх “зүйрлэл”. Хатуухан ч гэлээ ийм л хариуцлагад хууль хүчний байгууллагууд татагдах ёстой болж байна.
Яагаад гэвэл Монголын ард түмнийг, талийгаач С.Зоригийн ар гэр, хамаатан саданг 25 жилийн турш хууран мэхэлж иржээ. Мөн ийм хугацаанд энэ хэргийг мөрдөхөд шаардлагатай ажиллагаанд, ядаж л тэнд ажилласан үе, үеийн ажлын хэсгийн цалин цавуунаас эхлээд бүх хангамжид татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан байж таарна.
Ингэж ард түмнээ хуурсан, хуулиа уландаа гишгэсэн хууль сахиулагчдыг одоо бүгдийг нь албан тушаалаас нь буулга.
Цагдаа, Тагнуул, Прокурор, Шүүхийн бүх удирдлагуудыг солих хэрэгтэй. Хууль зөрчсөн хүн бүр хариуцлага хүлээдэг хуультай. Хууль сахиулагчид өөрсдөө тушаал, заавраар ажиллан хүн амины хэргээр улс төр хийхэд гар бие оролцож явдаг юм бол хамгийн ноцтой хэрэг. Энэ бол албан тушаалын гэмт хэрэгт тооцогдоно.
Монголын нэртэй улстөрчийн амиа алдсан хэргийг 25 жилийн турш илрүүлсэн болж тоглосон хүмүүс энгийн ардыг бол яаж ч мэдэх юм байна. Ер нь манай хууль сахиулах байгууллагууд хүний эрхийг юман чинээ боддоггүй явдал сүүлийн жилүүдэд бүр ч гаарч байгаа. Саяхан л гэхэд ХЭҮК-ийн 2022 оны хүний эрхийн илтгэлд баривчлагдсан хүмүүсийн 99 хувийг шүүхийн шийдвэргүй баривчилсан болохыг судалгаагаар тогтоосон байдаг. НҮБ-ын Дур зоргоор баривчлах асуудал хариуцсан Ажлын хэсэг өнгөрсөн онд манай улсад ажиллахдаа яг ийм дүгнэлт гарган, толгой сэгсрэн буцацгаасан. Ийм л дүр төрхтэй, ажиллагаатай хууль хүчний байгууллага өнөөдөр Монголд оршин тогтнож байна. Одоо тэд бүр ил цагаандаа гарч, олон жилийн турш хэрэг илрүүлсэн болж жүжиг тоглон, нэг л өдөр хэргийг илрүүлээгүй, бусдыг гүтгэсэн болоод ард түмний сэтгэл зүйгээр нааддаг болчихлоо. Үүнийг хүлээн зөвшөөрч яавч болохгүй юм.
Монголын хууль сахиулах байгууллагууд хуучин социалист тогтолцоо, сэтгэхүйгээрээ ажилласаар байна гэдгийн баталгаа энэ юм. Тиймдээ ч ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн тогтолцоог энэ хуулийн байгууллагууд руу нэвтрүүлэхийн тулд өнөөдрийн дарга, удирдлагууд, хууччуулыг солих нь зүй ёсны хэрэг. Дэлхийн улс орнууд хэдийнэ хууль сахиулах тогтолцоогоо шинэчилж, хүний эрхийн мэдрэмжтэй, улстөрчдийнхөө заавраар ажиллах биш ард түмэндээ үйлчилдэг, тэдний амгалан тайван байдлын төлөө сэтгэл зүрхтэй ажилладаг тогтолцоог бий болгохоор хуйгаар нь сольж байгаа шинэчилсэн жишгүүд байна. Жишээ нь, Гүрж улс цагдаагийн байгууллагадаа том реформыг хэрэгжүүлж, бүтцээр нь шинэчилсэн байдаг. Цагдаагийн албан хаагчдаасаа мэргэжлийн шалгалт авдаг. Тэр шалгалт нь тухайн хүнээс хамгийн түрүүнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийг шаарддаг болсон жишигтэй. Түүгээр зогсохгүй Цагдаагийн байгууллагын даргыг сонгохдоо олон нийтээс санал авдаг болсон гэдэг. Энэ нь өнөөдрийн манайд жишиг болсон хэн нэгний гар хөл болж, заавар тушаалаар хөдөлдөг байдлыг халах гол нөхцөл гэж хүний эрхийн хуульчид онцолдог юм билээ.
Хууль хүчний байгууллагууд үнэхээр нэрээ цэвэрлэж авахгүй бол ард түмний итгэл алдарсаар, эцэст нь тэд өөрсдөө “чангын шоронгийн нүүрний баясгалан”-тай болох нь энүүхэнд иржээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.28] 2023-04-26 12:31:54
Баривчлагааны 99 % ийг прокурорын зөвшөөрөлгүй баривчилдаг гэж ХЭҮК ийн тайланд гарчээ.Бас 50 орчим хүн хүч хэрэглэж хэрэг хүлээлгэх гэж оролдсон, хэлмэгдүүлсэн гэсэн өргөдөл ХЭҮК т иржээ.Энэ дотроос ганц Зориг агсаны хэргийг л яриад бжсдыг нь орхигдуулаад байгаа нь УЛСТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ хэрэг юм гэж ойлгогдож байна. Бүр гэртээ сууж байгаа тэтгэврийн коммунист угшилтай өвгөн байнга гарч ирж мэдэгдэл хийгээд сүйд майд. ЭНЭ НЬ НЭГИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА БУС УУ.
Зочин [172.59.186.217] 2023-04-25 18:12:34
Hurts erdenebat terguutei humuusiig horij shalgaj yamar hunii zahialgaar hun helmegduulsen hereg yamar ashig sonirholtoi baib damringiin heter
Зочин [122.201.22.138] 2023-04-25 14:09:38
ХУУЛИЙН ХАН ШАТ ШАТАНДАА ИЙМ БУЗАР ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БОЛ БҮГД ХАТУУ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ. ИЙМ БУЗАР ЮМ ХЭЗЭЭ Ч БАЙЖ БОЛОМГҮЙ ҮНЭХЭЭР ХҮНИЙ АМИАР ЖҮЖИГ ТАВЬЖ НИЙИЙГ УНАЖ ТУСТАЛ ХУУРЧУУ. ЭНЭ ХЭНИЙ ЭРХ АШИГ ВЭ?
Зочин [192.82.78.211] 2023-04-24 22:12:45
Хууль шүүх тагнуул прокурорууд яагаад дуугарахгүй байнаа. Ер нь ийм юм байж болдог юмуу. Маш их эргэлгэлзээ дагуулж байна даа..
Зочин [66.181.176.28] 2023-04-25 12:00:38
Хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгох( нотлох баримт дутуу,нотлогдоогүй , дахин шалгаж болно ) , ЦАГААТГАХ ( хэрэг хийгээгүйг нь баримтаар нотлосон .Дахин шалгахгүй) гэдэг тэс 2 ондоо зүйл шүү дээ.Содномдаржаа , Чимгээ нарын хэрэгийг нь хэрэгсэхгүй болгосон болохоос дахин шалгах үндэслэлтэй гэсэн үг .
Зочин [202.21.107.9] 2023-04-24 13:59:32
Монгол хүн жан ид гэж хараадаггүй.Энэ сэдэв бичсэн хүн хунхууз юм байна.Худлаа далимдуулж хуулийнхныг гүтгэж болохгүй. Нямдоржийн сэтгүүлч та нарийн ширийн зүйл мэдэхгүй байж хуулийнхан буруутай гэж дүгнэлт хийж болохгүй ,өөрөө гэмтэн болно .