Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 71 дэх жилдээ тэмдэглэж байна

Aдмин / Нүүр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 71 дэх жилдээ тэмдэглэж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн улсын нэг юм” гэдгийг Д.Сүхбаатарын талбайд болж буй “Монгол хүүхдүүд” үйл ажиллагааг нээж хэлэхдээ онцоллоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа баярын нэгдсэн жагсаал, “Хүүхдийн ертөнц” фестивалиар эхэлсэн юм. Жагсаалд төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниуллаа.

Энэ жилийн “Монгол хүүхдүүд” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Нийслэлийн хүн амын 38 хувийг хүүхэд эзэлж буйг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үйл ажиллагаан дээр хэллээ. Тэрбээр, “Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд ажиллаж, амьдарч байгаа орчноо эрсдэлгүй болгоход анхаарч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг тань хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг гэдгийг бодолцон зөвөөр үлгэрлэж, зөөлнөөр хүмүүжүүлж, зөвлөн туслахыг эрхэмлэхийг та бүхэндээ уриалж байна” хэмээлээ.

"Монголын хүүхдүүд-2023" үйл ажиллагааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар оролцож хүүхдүүдэд Хүүхдйн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, "1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсныг дурдаж, Монгол Улс энд нэгдсэн орсон улсын нэг бөгөөд конвенцийн үйл ажиллагаанд онцгой анхааран ажилладаг" гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй юм.Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монголын Хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачуудад зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “MCP” ХХК, Монголын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна.

Фестивалийн хүрээнд Монголын Хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлж байна.

Хүүхдийн баярын үйл ажиллагаанд 1000 гаруй хүний бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааныг 59 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 270 орчим бүтээл ирснээс 32 хүүхэд өнөөдөр шагналаа гардаж байгааг Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа тодруулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.