ТӨСВИЙН ТОДОТГОЛД ЭНЭ ОНД 50 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТУСГАЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэхээр тооцоолж буйгаа өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Харин энэ нь шатахуун, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа тул энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг нь сэтгүүлчид түүнээс тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Хэрэглээний импорт нэмэгдэж, төв банкны валютын нөөц дээр сөрөг дарамт ирнэ. Үүнийг сарниулахын тулд экспортоо нэмэгдүүлэх ёстой. Энэ удаагийн тодотголоор 50 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Ийм боломж бий.

Урд хөрш улсын маань зах зээл хангалттай. Манайхаас, Оросоос, Австрали, Индонезоос нүүрс аваад ч цаана нь нэмэлт хэрэгцээ бий. Энэ өрсөлдөөнд хамгийн давуу талтай нь бид. Хамгийн ойр, хамгийн чанартай нүүрсийг нийлүүлэх боломжтой.

Өнгөрсөн онд хоёр удаа томоохон айлчлал хийх үедээ гадаад худалдаа, экспортын асуудлыг хэлэлцэхэд авчирч чадах хэмжээгээрээ нийлүүлбэл авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын тал илэрхийлж байсан. Тэгэхээр экспортын хэмжээ биднээс л шалтгаална. Харин биднээс шалтгаалахгүй зүйл нь үнэ. Манай гол түүхий эд, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс хамаарна. Өмнөх жилүүдийн дунджаар зургаадугаар сард үнэ буурах хандлага бий. 7,8 дугаар сард үнэ сэргэж, нийлүүлэлт нь нэмэгддэг.

Энэ жилийн хувьд 50 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Мөн алт, зэс, жонш, түүхий нефтийн экспортыг нэмэх боломж бий. Түүхий эдийн экспортыг дагасан шууд болон дам нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил, татварын орлого нэмэгддэг. Тухайлбал төсвийн орлого нэмэгдэж байгаагийн 40 гаруй хувь нь АМНАТ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 60 гаруй хувиар нэмэгдэнэ.

Цалин нэмэгдэхээр хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл ч нэмэгдэнэ. Иймээс эдийн засагт ирэх сөрөг нөлөөллийг бууруулж байна" хэмээлээ.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр гадаад худалдааны эргэлтийг дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд жилд гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаасаа санал нийлсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.