ДУНД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЁ

Aдмин / Боловсрол

Монгол Улсад 2022 онд зам тээврийн 24221 осол гарч 3418 иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Зам тээврийн осолд өртөж, хохирсон 3418 хүний 539 нь буюу 16 хувь нь амь насаа алдаж, 2879 буюу 84 хувь нь эрүүл мэндээрээ хохирсон тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө. Дээрх тоон мэдээллээс харахад томоохон хэмжээний нэг сумын хүн ам тэр чигээрээ зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн үг. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээлэл.

Үүний цаана мотоцикльтой онхолдож хөл, гараа хугалсан, тархи толгойдоо гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдаад цагдаад мэдэгдээгүй хэдэн мянган тохиолдол бий. Амь нас, эрүүл мэндээс гадна 10 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол хүлээсэн статистик мэдээлэл байгаа юм.

Буун дуу завсар зайгүй тачигнасан дайны халуун цэгт ч ингэж үй олноороо үхэж үрэгдэж, гэмтэж бэртдэггүй.Зөвхөн зам тээврийн осолтой холбоотойгоор амь үрэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй болж хөдөлмөрийн чадвараа алддаг жишиг манайхаас өөр аль ч улс оронд алга.

Өнгөрсөн онд 539 хүн зам тээврийн ослоор газар дээрээ нас барж, үүний ард ийм хэмжээний гэр бүл шаналж, шар махтайгаа хатаж байгаа гашуун амьдрал ердөө хажууханд байхад л зам тээврийн ослын мэдээ ар, араасаа тасралтгүй гарч байна. Өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд зам тээврийн ослоор долоон хүн нас барлаа. Ганцхан өдрийн жишээг л энд онцолъё. Улаанбаатараас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд явсан “Акуа” маркийн машин том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж таван хүн газар дээрээ амьсгал хураасан осол долдугаар сарын 26-ны өдөр гарав. Мөн өдөр Увс аймагт “Форд рэнжер” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж жолооч болон зорчигч нэг иргэн газар дээрээ амьсгал хураав. Хамт зорчиж явсан дөрвөн иргэнийг цагдаа нар аймгийн эмнэлэгт яаралтай хүргэжээ. Тэдний эрүүл мэндийн байдал ч сайн биш байгаа бололтой. Осолд өртсөн дөрвөн иргэний гурав нь насанд хүрээгүй хүүхэд байсныг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Энэ бол ердөө ганцхан өдрийн мэдээ.

Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас өнгөрсөн жилүүдэд гарсан зам тээврийн ослуудад дүн шинжилгээ хийхэд 85 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 14 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 0.7 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалж гарсан нь тогтоогджээ.

Энэ судалгааг задлаад харвал хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, хамгаалалтын бүс, дуулга, хүүхдийн суудал гэх мэт аюулгүйн тоноглолоос зайлсхийх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, эгнээ байраа буруу эзлэх гэх мэт шалтгаанаас үүдэж зам тээврийн осол гарсан байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын буруутай үйлдлээс хамаарч зам тээврийн осол гарч байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатын ярьснаар орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, замын гэрэлтүүлэггүй хэсэгт зогсох, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийнхээ ойр орчмыг нягталдаггүй зэрэг нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болдог гэнэ. Үүнээс үзвэл зам тээврийн ослын цөм нь жолоочийн ухамсар, хариуцлагатай холбоотой байна.

Япон, БНСУ зэрэг дэлхийн хөгжлийг тодорхойлж байгаа улс орнуудад зам тээврийн осол тэр гардаггүй. Манайхтай ижил 500-600-уулаа зам тээврийн ослоор нас бардаггүй. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг жолоочийн ухамсартай холбож тайлбарлаж байна. Учир нь энд дурдсан улс орнуудад дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрэм, учирч болох аюул эрсдэлийн талаарх хичээл ордог юм байна. Зам тээврийн ослын хор уршгийг зориулалтын талбайд сурагчдын нүдэн дээр харуулдаг. Ерөөсөө математикийн хичээлтэй ижил хэмжээнд ач холбогдол өгч хүүхдүүдэд сургадаг. Ингэснээр хариуцлагатай, замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг жолооч болох суурь нь бүр бага насанд нь л сууж өгдөг юм байна. Замын хөдөлгөөний дүрэм, учирч болох эрсдэлийг хүүхэд наснаасаа л тархиндаа кодолж өгснөөр “танхай” жолооч нар замын хөдөлгөөнд оролцдоггүй юм байна.

Манайх ийм тогтолцоог нэвтрүүлэх цаг ирсэн талаар мэргэжилтнүүд дуугарч, санал санаачилга дэвшүүлээд эхэлжээ. Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх “Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сургуулийн өмнөх бага, дунд, ахлах ангид системтэйгээр олгох шаардлагатай. Ингэж байж замын хөдөлгөөнд оролцох зөв чиг хандлага, дадал үүснэ. Дэлхийн дийлэнх улс оронд замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүдэд үе шаттайгаар зааж өгдөг. Гэтэл манай улсад жолооч болох шаардлагатай болсон үедээ л сургалтад суудаг. Жолооч болоогүй хүн зохицуулагчийн дохиог мэддэггүй. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе шаттайгаар буюу сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд, ахлах ангид нь системтэй олгох шаардлагатай” гэх байр суурийг илэрхийлж байна.

Манайд дунд сургуульд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл цагаан шугам” гэхчлэн тоотой хэдхэн арга хэмжээг алдаг оног зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд нь хүүхэд эцэг эх оролцохдоо

хойрго. Хүүхдийн ухамсарт суух хэмжээнд хүртэл ач холбогдол өгдөггүй. Дунд сургуульдаа замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олж аваагүй насанд хүрсэн иргэд 48 хоногийн жолооны курст суугаад төгсөхдөө дүрмийн мэдлэг төдийлэн авч чаддаггүй. Ингээд дүрэм зөрчиж, согтуугаар жолооны ард сууж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд заналхийлж байна.

Энэ талаар дэд хурандаа Б.Очирбат “Замын хөдөлгөөний дүрмийн талаарх ойлголт өгөх ажлыг дунд сургуулиас нь олгох хэрэгтэй. Өнөөдөр хүн байгаль гэх хичээлийн хүрээнд долоо хоногт нэгээс хоёр цагаар л энэ хичээлийг судалдаг. Энэ хичээлийг бусад ерөнхий эрдмийн хичээлтэй адил ач холбогдол өгч судлах хэрэгтэй. Ингэж байж хүүхэд замын хөдөлгөөний дүрэм, учирч болох аюул эрсдэлийн талаар цогц мэдлэгтэй болно. Хэдэн жил жолоо бариад дүрэм зөрчөөд хэвшчихсэн жолоочид цагдаа нар мянга сануулаад ухамсарт нь суухгүй байна. “Хотоос гарч хурд хэтрүүлээд л зам тээврийн осол хийчих юм. Архи уугаад жолоо барьж яваад л осол гаргачих юм” гэж хэлж байна лээ.

Замын хөдөлгөөний дүрмийн хичээлд ерөнхий эрдмийн хичээлтэй ижил хэмжээнд ач холбогдол өгөх нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг, хурдны дээд хязгаарыг тоолгүй давхидаг үзэгдлүүд цэгцэрнэ гэж харж байгаа юм байна. Тээврийн цагдаагийн албанаас ч ийм зохицуулалт руу шилжих саналыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлээд байгаа гэнэ. Энэ ажлыг даруй эхлэхгүй бол цөөхөн монголчууд зам дээрээ үхэж үрэгдээд дуусах нь. Жилд л хэдэн зуун тээврийн хэрэгсэл ар араасаа импортоор орж ирж байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн улам л нягтаршина. Жилд л хагас мянгаараа зөвхөн зам дээр нас бардаг үзүүлэлт хэд дахин өсөхийг таах аргагүй.

Хариуцлагатай жолоочийг бага наснаас нь бэлтгэснээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд заналхийлдэг жолооч нар үгүй болж зам тээврийн осол буурч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог эмгэнэлтэй үзэгдэл цэгцрэх нь лавтай.

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Баяраа [66.181.161.51] 2023-08-07 18:50:00

Дариухан Хэрэгжүүлж эхэлвэл маш зөвдөө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.