Д.Трампын хэрэгт Жоржиа муж улсын шүүх яллах дүгнэлт гаргажээ
2020 оны сонгуульд ялагдсанаа хүчингүй болгуулах гэж оролдсон Д.Трампын хэрэгт Жоржиа муж улсын тангарагтны шүүх даваа гарагт яллах дүгнэлт үйлдсэн боловч уг хэрэгт ерөнхийлөгч асан холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Фултон тойргийн шүүхийн албаны хүмүүс яллах дүгнэлтийг шүүгч Роберт МакБернид танилцуулсан боловч олон нийтэд зарлаагүй байна. Тангарагтны шүүх 10 яллах дүгнэлтийг буцаасан гэх цахим хуудасны зургуудыг хэвлэлүүдэд дэлгэсэн хэдий ч хэнийг, ямар хэрэгт буруутгаж байгааг дурдсангүй.
Фултон тойргийн прокурор Фани Уиллисийн нэхэмжлэлтэй эл хэрэг нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших өрсөлдөөнд тэргүүлж буй Д.Трамптай холбоотой эрхзүйн асуудлыг улам хүндрүүлж магадгүй юм.
Фултон дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга Че Александр сэтгүүлчдэд хэлэхдээ, шүүгч яллах дүгнэлтийг хүлээн авсны дараа эцсийн байдлаар боловсруулж дуусахад гурван цаг шаардагдана гэжээ.
Энэ хэрэг 2021 оны нэгдүгээр сараас улбаатай. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 2-нд Д.Трамп Жоржиа муж улсын сонгуулийн хорооны дарга Брэд Раффенспергер руу утсаар ярьж тус мужид цөөн тооны саналаар ялагдсанаа “хүчингүй болгохын” тулд хангалттай санал "олохыг" даалгажээ. Б.Раффенспергер үүнийг гүйцэтгэхээс татгалзсан аж. Дөрөв хоногийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд буюу Д.Трампыг ажлаа хүлээлгэн өгөхөөс хоёр долоо хоногийн өмнө түүнийг дэмжигчид Капитолын ордон руу дайрч, Ж.Байдены ялалтыг баталгаажуулах гэж буй хууль тогтоогчдод саад хийхээр оролдсон боловч бүтэлгүйтсэн юм.
Үүнээс гадна, Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогчдын жагсаалтыг хуурамчаар гаргасан гэх үйлдлийг шалгаж байгаа ажээ. Харин Д.Трамп өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд, Ардчилсан намаас сонгогдсон Ф.Уиллис улс төрийн зорилготой явуулга хийж байна гэжээ.
Өдгөө 77 настай Д.Трамп он гарснаас гурван удаа эрүүгийн хэрэгт татагдаад байгаа бөгөөд АНУ-ын тусгай прокурор Жек Смит түүнийг 2020 оны сонгуульд ялагдсанаа хүчингүй болгуулахыг оролдсон хэрэгт буруутгаж байгаа нь тэдгээр хэргийн нэг нь юм.
Д.Онон
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.105] 2023-08-15 16:31:17
Трамп шударгаар ялсан. байден бол хөгийн новш