Д.МӨНХБААТАР: БАГШИЙН ЦАЛИН 1000 ДОЛЛАР ХҮРЧ БАЙЖ СОЛОНГОС РУУ ГАРЧ БАЙГАА БАГШ НАРЫН УРСГАЛ ЗОГСОНО

Aдмин / Боловсрол

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатартай багш нарын орон тооны хомсдолын талаар ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулиуд бүгд багш нарын хомсдолтой байгаа судалгаа тоон мэдээлэлтэйгээ нийтийн сүлжээнд түгсэн. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг гэж ярьдаг шүү дээ. Боловсролд хамааралгүй айл өрх, иргэн гэж байхгүй. Тиймээс боловсролын чанарыг ахиулж хөгжүүлэх нь Монгол Улсын төр засгийн нэг номерын асуудал. Өнөөдөр манай салбарт боловсон хүчний нөөцийн хомсдол бодитойгоор нүүрлэчихсэн. Энэ нь үнэндээ сүүлийн хэдхэн жилийн асуудал биш. 1990 оноос хойш Монголын төр боловсролоо тэргүүн эгнээнд авч үзэлгүй, юмны ард сүүлд, хавчуурганд авч явсны гор хүний амьдралын нэг үеийн дараа илэрч гарч байна гэж харж байна

Багш ажилчдын хомсдол хамгийн их нүүрлэж байгаа нь нийслэл. Орон нутгууд ч мэдээллээ тавиад эхэлсэн байна. Дунджаар нэг сургуулийн хэмжээнд 10-аас дээш багш ажилчин шаардлагатай байна. Хувьчлаад харвал нийт багш ажилчдын 15 хувь нь орон тооны хомсдолтой байна. Энэ дундаа хамгийн их хомсдож байгаа мэргэжил бол бага ангийн багш. Мэдээж дээр нь байгалийн ухааны нарийн мэргэжлийн багш нарын дутагдал нэмэгдсээр байна. Судалгаанд гарч ирэхгүй байгаа сэтгэл эмзэглүүлсэн нэг салбар бол цэцэрлэгийн орон тооны мэдээлэл. Хүүхдэд боловсрол олгох гол суурь бол сургуулийн өмнөх боловсрол байдаг. Энэ салбар өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг гаргаж ирвэл олон нийт үнэхээр цочирдоно. Нэг цэцэрлэгт 30-40 хүн ажиллах ёстой бодитоор 20-оос дээш хувийн орон тооны хомсдолд орчихсон. Тэр битгий хэл үүдний жижүүр, үйлчлэгч, туслах багш гээд нарийн мэргэжил шаардахгүй орон тоонд хүн олдохгүй байна. Тогооч, хоол зүйч олдохоо байсан.

Үндсэндээ энэ салбарт маш их асуудал бөөгнөрчихсөн.

-БШУЯ болон бодлогын газруудаас орон тооны хомсдолыг шийдвэрлэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Өнөөдрийн энэ хомсдолыг энэ хичээлийн жилд нөхөж чадах уу?

-Одоогоор ямар ч шийдэл яригдаагүй, хэрэгжээгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн хичээл эхлэхээс өмнө багш нарын орон тооны асуудлыг хөндөж байгаа нь сайшаалтай. Үргэлжлүүлээд хичээлийн жил эхэлсний дараа дутагдлаа нөхсөн үү гэдгийг эргэн сурвалжлахыг хүсч байна. Үнэндээ дутагдал, орон тоо нөхөгддөггүй.

Үүн дээр бас авч үзэх ёстой тоо бий. Нийслэлийн хэмжээнд анги дүүргэлт маш өндөр. Одоогийн түвшинд 40-50, зарим сургууль 60 хүрчихсэн. Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй маш олон сургууль бий. Ийм байхад багшийн хомсдол бодитойгоор 15 хувь хүрчихсэн байна гэдэг маш ноцтой асуудал. Одоогоор анги дүүргэлтийг стандартаа бариад 25-30 хүүхэд рүү оруулж ирвэл багш нарын хомсдол бүр өсөх магадлалтай. Нэг удаагийн арга хэмжээ аваад дийлдэхээргүй нөхцөл байдалд орчихсон. Багш нарын орон тоо ингэж дутагдаад байгаа гол үндэслэл бол цалин хангамж, амьдралын баталгааны асуудал. Үнэхээр өрх толгойлж байгаа эрэгтэй багш нэг сая төгрөгийн цалингаар амьдралаа аваад явахад хэцүү. Маш олон багш Солонгост хар ажил хийж байна. Тэр битгий хэл уул уурхайн салбарт хүнд машин механизм бариад явж байна. Ингээд хөдөлмөрлөх хүчин гадагшаа чиглэчихээр энэ урсгал бодитой, том системийн арга хэмжээ авахаас нааш засагдахгүй.

-Дээр нь багшийн нэр хүндийн асуудал их яригддаг болчихжээ. Уг нь багшийг л хүндэлж явах ёстой байх аа?

-Нийгмийн сүлжээгээр яригдаад байгаа багшийн нэр хүндийн асуудал үнэхээр тулгамдаж байгаа нь үнэн. Сурагчид, эцэг эхчүүд, нийгмийн бүлгүүд дандаа багшийг үгүйсгэдэг, багш нар ажиллахад маш их дарамттай байгаа учраас энэ салбараа орхих явдал нэмэгдэж байгаа юм. Улстөржилт маш их болчихсон учраас сургууль, цэцэрлэгийн удирдлагын ажлын байрны дарамт маш их. Багшийгаа зоддог, доромжилж дарамталдаг удирдлагууд байна. Нэг талаас эцэг эхчүүд, хүүхдүүд дайрна. Ийм нөхцөлд 35 долоо хоногийн хичээлээр зогсоо зайгүй бөмбөгддөг. Үнэхээр 40-50 хүүхдэд агуулгаа өгч чадаж байна уу гэдэг дараагийн асуудал яригдана.

Бас манай системийн алдаа бол багшийн ажлын ачаалал. Маш олон төрийн байгууллагууд хорооноос эхлээд дүүрэг нийслэл, орон нутагт сум, баг, аймаг яам, аймаг дүүргийн Боловсролын газрууд, дээр нь нийгмийн бодлогын хэлтэс гээд л маш их судалгаа тайлант ажлаар шахдаг, цаасаар бөмбөгддөг субъектууд бий болчихсон. Нэг ажил хийчихээд л араас нь тайлан нэхдэг. Багшийн үндсэн хийх ёстой ажил хүүхдэд мэдлэг эзэмшүүлэх, чадварыг нь хөгжүүлэх явдал. Ийм байхад хажуугаар нь маш олон бичиг цаасны, шаардлагагүй ажлуудыг хийсээр байгаад л ажлын цаг, улирал, хичээлийн жил дуусч байдаг. Эдгээр хүчин зүйлүүд нөлөөлж байна. Багшийн хомсдолын асуудлыг цогцоор нь шийдэх ёстой.

-Ямар шийдэл байж болох вэ. Мэдээж цалин хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл ямар байдлаар?

-Нэгдүгээрт багш ажилчдаа бэлтгэдэг тогтолцоог эргэж харах хэрэгтэй. ЭЕШ-ын 400 оноотой хүүхэд манайд орж болно гээд багш бэлтгэж байгаа Монгол Улсын сургууль нь зарлаад байхад очих хүн алга. Ахлах ангийн хүүхдүүд дээр очоод судалгаа авахад багш болъё гэсэн хүүхэд хөдөө орон нутагт ганц нэг л байна. Нийслэлд бол бараг гарахгүй. Тэгэхээр багш гэдэг мэргэжлийг нэр хүндтэй, ахуй хангамж сайтай болгож, бэлтгэх тогтолцооноос нь эхлэх хэрэгтэй болж байгаа юм. Жишээ нь, 750, 800 оноо авсан хүүхдийг төлбөргүй сургая гэж байгаа ч бас л хүн олдохгүй байгаа. Угаасаа ард нь нөгөө амьдралын баталгааны асуудал хөндөгддөг. Тиймээс баталгаатай гээд IT-гийн инженер, уул уурхайн инженер болоод явчихаж байна.

Сая долдугаар сарын 1-нээс төрөөс цалин нэмсэн нэртэй амсууллаа. Ингээд гар дээр анх ажилд орж байгаа багш 1.2 сая төгрөг авахаар байна. 300 гаруй доллар гэсэн үг. Харамсалтай нь хамаг мөнгө нь татвар шимтгэлдээ явчихна. Ийм цалингаар залуу боловсон хүчин яаж амьдрах вэ. Ийм цалингаар яаж ч мөрөөдөөд ипотекийн зээлд орох боломжгүй. Амьдралынх нь гол хэрэгцээ орон байраа шийдэж чаддаггүй. Ингээд л ажлаа орхиод өөр салбар руу, Солонгос руу явах сонголтыг хийдэг болчихоод байна.

-Нэг сумын багш нарын 70 хувь нь Солонгос явах виз мэдүүлсэн гэж байгаа. Үнэхээр тийм нөхцөлд хүрчээ?

-Үнэн. Сумыг нь хэлээд яахав. Нэг сумын сургуулийн 50 багшийн 30 нь зуны амралтаараа БНСУ руу виз мэдүүлсэн байсан. Тэндээс нь 15 багш гадагшаа гарсан. Эргээд тал нь эргэж ирээгүй. Нэг оччихвол харлачихъя гэж боддог. Аргагүй, багшийн ажил амьдралынх нь баталгаа биш учраас тэндээ ганц өрөө байрны мөнгө хийчихье, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олъё, эмчилгээний зардал цуглуулъя гээд үлддэг. Ер нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж тэр чигээрээ уначихсан шүү дээ. Тэр дундаа зөв түвшинд авч явах ёстой багшийн мэргэжил ийм нөхцөл байдалтай болчихсон. Сургуульд харуул хийх хүн олдохоо байсан. 500 мянган төгрөгийн цалингаар яаж амьдрах юм бэ гээд хүн олддоггүй. Хажууд нь хувийн хамгаалалтын газрууд нэг гараанд 100 мянган төгрөг өгье гээд зогсож байдаг.

-Тэгвэл цалин хангамж хэр байх хэрэгтэй гэсэн үг вэ?

-Манай салбар их онцлогтой. 40 гаруй мянган багш, 30 орчим мянган ажилчинтай. Нийлээд 70 мянган хүн бий. Багш, ажилчин гэж ялгах боломжгүй. Ажилчдаа давхар харж хамгаалах ёстой. Хүүхэд сургуульд ороход бохир заваан байвал эрүүл аюулгүй байдал алдагдана. Тиймээс салбараар нь нэгтгэж үздэг.

Манай улсын нийт төсөв 20 их наяд. Манай салбарын төсөв 2.3 их наяд гэдэг. Үүний нэг их наяд нь цалин хөлс, тэтгэмж урамшуулалд явдаг. Тэгэхээр одоогийн түвшнээс нэн яаралтай хоёр дахин нэмэх шаардлага харагдаж байгаа юм. Дахиад нэг их наяд төгрөг хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхэд Монгол Улсад хулгай зэлгий гараад л, 44 их наядаар нь нүүрсийг зөөгөөд явж байна гээд бөөн шуугиан болж байна шүү дээ. Үүний хажууд багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх нь жижигхэн асуудал. Гэхдээ ингээд асуудал шийдэгдчихгүй. Цалин өссөн ч инфляци адилхан өсөөд байвал амьдрал бахь байдгаараа л байна. Тийм учраас төр бодлогоороо цалин хөлсөө хамгаалж, үнийн бодлогоо барьж байх ёстой. Өнөөдрийн түвшинд 1000 ам.доллартай тэнцэх хэмжээний цалин багш нар авч байвал энэ мэргэжлийн нэр хүнд өснө гэдэг тооцоолол байгаа. Ганцхан цалингаар тогтохгүй. Багш бэлтгэхэд ямар тэтгэмж хангамжтай байх вэ гэдэг том асуудал бий. Шилдэг хүүхдүүдийг авлаа гэхэд нэгдүгээрт төлбөргүй сургана, хоёрт тэтгэмж өгнө. Гуравт, чи төгсөөд ажлын байр чинь бэлэн. Ийм цалинтай ажиллана. Чи ийм хугацаанд ажиллахад ипотекийн орон сууцны зээлд хамрагдах боломжтой болно. Ажиллаж байх үедээ ийм ийм нэмэгдэл урамшуулал авна, хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төр даана гэх мэт ийм цогц, алсыг харсан систем хэрэгжихгүй бол сайжрахгүй. Бас нэг аюул болоод байгаа зүйл бий.

-Ямар?

-Хувийн сургуулиуд улсын сургуулийн сайн багш нарыг авчихдаг. Өнөөдөр гэхэд над руу улсын нэг сургуулийн физикийн чадварлаг багш ярьж байна. “Багш аа, би хувийн сургуульд багшиллаа. Надад 2.5 сая төгрөгийн цалин амлаж байна” гэсэн. Би улсын сургуулиа магтах хэцүү, хувийн сургуулийг муулах хэцүү, явуулахаас аргагүй болж байгаа юм. Нэг талдаа төр нь дорой, нөгөө талдаа бизнесийн бүлэглэлүүд баахан хувийн сургууль байгуулаад мөнгө угаах хэлбэрээр байршуулчихсан. Тэдгээр нь гайгүй багш нарыг түүж аваад л үндсэндээ системийн хувьд маш том завхрал болчихоод байгаа юм.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.19] 2023-08-24 15:44:23

Нэмж болно нэмэх ч хэрэгтэй гэхдээ боловсролын чанар чухал, ЭЕШ-ийн оноогоор нь цалинжуул тэгээд л болоо. Тэрнээс биш сургуулийнхаа захиргаанд гаргаж өгдөг ажлын тайлан гэх нэртэй цаасаар дүгнэж болохгүй.

Зочин [66.181.160.52] 2023-08-24 15:17:30

Монголд боловсролын систем мөн ч өндөр дээрээс УНАСАН ДАА . Монголд боловсролын систем оргил үедээ - дэлхийн өндөр түвшинд байсан үе бол өнгөрсөн зууны 50 - 80 оны 30 жил байлаа . Одоо улс болж тоглож байгаатайгаа адил " улс юм болохоор боловсрол гэж юм байх ёстой " гэсэн процесс л үргэлжилж байна . Дэлхий нийтийн нийгмийн хөгжлийн чиг хандлагын хуулиар эрхбиш төрмөл боловсрол устачихгүй л дээ - олдмол бүх нийтийн боловсролыг төлөвшүүлэхэд олоооон жил ....

Хаха [202.9.46.219] 2023-08-24 13:58:27

Ямарч олигтой чадваргүй багш нэртүүд зайлуул зайлсанл дээршдээ ганц багшл бага цалинтай гэж хуцхаа боль авилгал хуримтал гээл зөндөөл юм авдаг лалрууд

Зочин [66.181.188.86] 2023-08-24 12:43:11

Багш нарын цалинд ч орчин нөхцөлд хүүхдүүддээ ч анхаарах хэрэгтэй байна. Баянхошууны хөтөл замын хойно 1 сургууль юм уу цэцэрлэг 4 жил баригдаж байнаа дуусаагүй баригдчихвал хэдэн хүүхэд багш нарт хэрэгтэй л юм даа том том баасан Учрал Сумьяабазар Анужин Батшугар юу хардагын олигтойхон шаардлага тавиад дуусгаач!!!!арчаагүй юмнууд нээх их юм хийсэн гээд ичихгүй попроно доо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.