2022-2023 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ СУЛАВТАР ХЭВЭЭР БАЙВ
Та бүхэн өнгөрсөн оны боловсролын салбарын зарим статистик тоо баримтыг түүвэрлэн хүргэж байна. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийт 859 ерөнхий боловсролын сургуулийн 24,750 бүлэгт 746.4 мянган суралцагчид (өдрөөр) суралцаж, нийт 57.7 мянган багш, ажиллагчид ажиллаж байв. Төрийн өмчийн сургуульд суралцаж буй нийт 683.7 мянган суралцагчийн 0.9 хувь нь багийн төвийн сургуульд, 26.4 хувь нь сумын сургуульд, 27.2 хувь нь аймгийн төвийн сургуульд, 45.5 хувь нь нийслэлд суралцаж байна. 2022-2023 онд 38119 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.
Мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн 50 гаруй хувь нь мэргэжлээсээ өөр ч чиглэл, өөртөө ажлын байр болгох, гадаадад хөдөлмөрлөх зэргээр амьдарч байна. Нэг багшид ногдох хүүхдийн тоо нийслэл хотод хамгийн өндөр буюу 22,7 байна. 2018 оны "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа"- ны үр дүнгээс харахад, 7-14 насны нийт хүүхдүүдийн 61.6 хувь нь унших суурь чадвар эзэмшсэн, 51.5 хувь нь тоо бодох суурь чадвар эзэмшсэн байна.
Унших чадвар баруун бүсэд 37.4 хувь, тоо бодох суурь чадвар Улаанбаатар хотод 43.9 хувь гарсан нь хамгийн бага байна. Баруун бүсэд унших суурь чадвар бага үзүүлэлттэй байгаа нь Баян-Өлгий аймагт 10.0 хувь гарснаас шалтгаалжээ Энгийн эхийг уншиж ойлгох чадвар бол хүүхдийн сурвал зохих суурь чадваруудын нэг юм. Хүүхэд бага ангидаа тоог унших, бичих, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах аргад сайтар суралцах нь цаашдаа математикт амжилт гаргах чухал нөхцөл юм.
Цар тахлаас шалтгаалан өнгөрсөн жилүүдэд нийт 1-р ангид элсэгчдийн 13 хувь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. ЕБС-ийн 680 мянган суралцагчийн 54,5 хувь нь сум, багийн төвүүдэд суралцдаг бөгөөд тэдний боловсролын чанар, хүртээмж, орчны асуудал эмзэг хэвээр байна. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд бүлэг дүүргэлт норматив хэмжээнээс хэт их (нэг ангид 45 ба түүнээс дээш бүлэг дүүргэлттэй) ерөнхий боловсролын сургууль 6 байгаа нь өмнөх хичээлийн жилээс 5 сургуулиар буурсан байна. Бүлэг дүүргэлт өндөр 6 сургуулийн 5 нь төрийн өмчийн сургууль, нэг нь хувийн өмчийн Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль байна.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Toli [195.123.31.122] 2023-09-02 05:17:23
Jun sulavtar we, bur muudsan geech
Зочин [203.98.76.249] 2023-09-01 10:32:00
шөнө хүүхэлдэйн кино гаргаад байдаг сувагаараа хичээл гаргаж бай л даа.