Хуульч Г.Цолмонгэрэл: Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны ганц шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэсэн
Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсныг ХЗДХЯ-наас өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахдаа Иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой болгохыг тусгасан гэж хуулийн төсөл боловсруулагчид мэдэгдэж байсан. Тэгэхээр өнөөдөр Иргэний шүүхэд хандах эрхийн баталгаа ямар байдаг, цаашлаад ямар болох ёстой талаар хуульчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Шинэ үеийн эрх зүйн хөгжлийн эхлэлийг 1990 оноос тооцож болно. Энэ үеэс өнөөдрийг хүртэл Шүүх байгуулах тухай хууль нь 1993, 2013, 2015 онуудад гурван удаа батлагдсан байна.
Эдгээр хуулийн хэрэгжилтийн үед 2002 онд Захиргааны хэргийн шүүх байгуулах, 2010 онд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулиуд батлагдсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд гурван үе шаттайгаар Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилт тавьсны хүрээнд нутаг дэвсгэр, ачаалал, хэргийн нөхцөл байдалд тохирсон оновчтой бүтцийг бий болгохын тулд хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Гэвч тус хуулийн төсөл одоогоор олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэж хараахан эхлээгүй байна. Зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхийн хүрээнд хуулийн төслийн ажлын албаныхан хуулийн төслөө бичээд бэлтгэсэн, цаашдаа журмын дагуу танилцуулагдаж хэлэлцүүлэгдэх юм байна гэж харж байна. Төсөлд хэрхэн тусгагдсаныг удахгүй бид тодорхой харж санал бодлоо тусгацгаана. Одоогийн Шүүх байгуулах тухай хуулиар Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршил, дагнасан байдал, шүүхүүдийн тоо хүрэлцээг зохицуулдаг. 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар бид Иргэний эрүүгийн хамтатгасан давж заалдах шатны шүүх 24, нийслэлийн хэмжээнд нэг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ес, Захиргааны давж заалдах шатны шүүх нэг байдаг бол есөн дүүрэг 21 аймгийн Иргэн болон Эрүүгийн анхан шатны шүүх, Сум дундын найман шүүх, Захиргааны шүүх нийслэлийн хэмжээнд нэг, 21 аймагт тус бүр нэг байна.
-Энэ нь хүрэлцээтэй байж чадсан уу?
-Харьцангуй хүрэлцээтэй боловч улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шатны шүүх нэг, бусад алслагдсан аймаг, сумдын хувьд харьяа шүүх дээр хүрч очиход хүндрэлтэй. Мөн нийслэл хотын хэмжээнд шүүхүүдийн ачаалал хэт их байгаагаас иргэдийн шүүхэд хандах эрхийн хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэж үзэх талтай. Жишээлбэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцад иргэний шүүхүүдийн ачаалал өндөртэй байдлаас үүдэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, үл ялиг шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, шүүхийн хурал давхацсан, шүүхийн туслахууд болон шүүгч нарын ажлын ачаалалтай байдлаас болж шүүгчид болон шүүхийн ажилтнуудын дунд стресс бухимдал үүсэх зэрэг асуудал олон тохиолддог. Гэвч манай шүүхүүд аль болох хуулийн дагуу иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангахын төлөө цаг наргүй ажилладаг. Загасчны морь усгүй гэдэг шиг Хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийн хязгаар, илүү цаг түүнээс авах цалин хөлсийг тоо ёсоор олгох асуудал шүүхийн байгууллагын ажилтнуудын хувьд үйлчилдэггүй шахуу байдагт эмзэглэдэг, цаашид иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэхийн баталгаа шүүхийн ачааллыг зохист хэмжээнд байлгахаас эхлэх ёстой. Үүний тулд шүүхийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэхээс гадна шүүхийн тоог ихэсгэх, дагнасан байдлаар байгуулах зэргээр ачааллыг бууруулж тэнцвэржүүлж болно.
-Иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн шүүхүүдээс ачаалал өндөртэй нь аль нь вэ. Нөгөө талд нэг шүүхэд хэт төвлөрөл үүсэх нь эрсдэлтэй гэж зарим нь үздэг?
-Улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай шүүх нь Иргэний шүүх. Жилд нэг шүүгчид ногдох иргэний хэргийн ачаалал 200 байх ёстойгоос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 346, Сүхбаатар 341, Чингэлтэй 363, Баянгол 277, Сонгинохайрхан 353 бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 387 хэргээр буюу үндсэн ачааллаас 187 буюу 93.5 хувиар илүүдсэн ачаалалтай байна. Мөн дараагийн нэг асуудал нь шүүхэд итгэх итгэл. “Нээлттэй нийгэм форум” ТББ, “Оюуны инноваци” ТББ-аас Монгол Улсын шүүхийн индекс 2021 судалгааг хийж дүнг нийтэд танилцуулсан. Судалгааны дүнд 100 онооноос 51.94 гэсэн үнэлгээг хийсэн. Энэ нь шүүхэд итгэх итгэл хангалттай хэмжээнд биш болохыг илтгэнэ. Шүүх байгуулах тухай хууль буюу түүний тоо, байршлыг өөрчлөх замаар шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж болох дараагийн нэг шийдэл нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг судалж, шаардлагатай бол төвлөрлийг сааруулах асуудал. Дээр дурдсанчлан Улсын хэмжээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг байна, бүх аймгийн болон есөн дүүргийн захиргааны маргаан тухайн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. Анхан шатны шүүхийн шийдэлд өөрчлөлт оруулах боломжтой болсон бөгөөд Улсын дээд шүүх тэр бүр бүх Захиргааны давж заалдах шатны шүүхийн хэргийг хянахгүй болсон. Тодруулбал, нийт гомдлын 90 гаруй хувийг хяналтын журмаар харьяалан шийдвэрлэхгүй болсон.
Тэгвэл улсын хэмжээнд нэг Захиргааны давж заалдах шатны шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэж байгаа юм. Онолын хувьд эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулах ёстой гэж үздэг. Тиймээс хөндлөнгийн судалгааны байгууллага болон хуульч, судлаачид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн асуудлыг судлах л шаардлагатай гэвэл эрх мэдлийн төвлөрлийг сааруулах санаачилгыг гаргаж болох юм. Нийслэлд 1.5 сая орчим хүн байна. Түүнийгээ дагаад захиргааны маргаан төдий чинээ олон. Гэтэл ганцхан Захиргааны хэргийн давж заалдах шүүхтэй байна. Хэдийгээр хэргийн ачаалал бага ч гэсэн эрх мэдлийн төвлөрөл нийслэл дэх захиргааны хэргийн шүүх дээр үүссэн байх боломжтой.
-Шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх заалт хуулийн төсөлд тусгагдсан. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдал маш ачаалалтай байдгийг судалгаа харуулдаг. Үүнийг тойргийн зарчмаар шийдвэрлэх боломжтой юу?
-Шүүхээс өөрсдийн бо-ломжийн хэмжээнд шүүг-чийн туслахуудын тоог нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах арга хэрэгжүүлж байгаа ажиглагддаг. Гэвч өнөөх л шүүхийн байр танхим хүрэлцээгүй, цалин хөлс хангалтгүй байгаагаас шүүгчийн туслахаар ажиллах сонирхолгүй байх хүндрэл байсаар байна. Хамгийн харамсалтай нь эдгээр ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж сул байгаа асуудлаас болж шилдэг хуульчид шүүгч болох сонирхолгүй байгаад байна. Салбарын сайдын танилцуулснаар “шүүхийг заавал засаг захиргааны нэгжээр бус тойргийн зарчмаар байгуулж, дагнасан байдлаар байгуулж ачааллыг бууруулна” гэснийг сонсоод талархан хүлээж сууна. Ямар ч байсан шүүхийг ачаалал төвлөрөл, алслагдсан байдлыг харгалзан тойргийн зарчмаар байгуулахаар болсон юм байна гэж ойлгосон. Урьд нь манай улс тойргийн шүүхүүдтэй байсан, засаг захиргааны нэршилд баригдана гэхээсээ илүү бүсчлэлээр эдийн засгийн ачаалал онцлогоор тойргийн зохион байгуулалттай байх, цаашдаа дагнасан байдлаар шүүхийг байгуулах нь зүйтэй гэж олон хуульч санал нэгддэг.
-Шүүгчид мэргэших асуудлыг хуульчлахаар болж байгаа юм байна. Хуульчид, шүүгчдийн мэргэшсэн байдал, ур чадварын асуудал маш хангалтгүй байгаа талаар хэлдэг. Шүүгчийн шалгалтад тэнцэх хуульч байдаггүй гэх нь ч бий. Тэгэхээр энэ асуудалд ямар гарц байж болох вэ?
-Хуульч бүр судлаач байх, хуульч өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн тодорхой үеийн дараа 3-5 дахь жилээс дагнан хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байх нь иргэдийн хууль зүйн асуудлыг бодитой үр дүнтэй шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй. Өмгөөлөгчид, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, шүүгч нь тухайн асуудлаар дагнасан байх нь хэргийг шударга, үр дүнтэй шийдвэрлэх хамгийн зөв гарц байж мэдэх юм. Манай Хууль зүйн үйлчилгээний төв хуульчдаа дагнан сургах, чадавхжуулах, хэрэг маргаанд дагнан ажиллахад анхаарч ажилладаг. Хэдийгээр Монголын зах зээл жижиг тэр бүр дагнах боломжгүй гэж ярьдаг ч бүх талын чанартай мэдлэгтэй байна гэдэг боломжгүй, хууль зүйн маргаан гэдэг хүний амьдралд төдийлөн элбэг биш бас амин чухал шинжтэй байдаг тул хөнгөн мэдлэгээр хандах боломжгүй юм. Бүх талаараа хүчтэй нь бүх талаараа сулын шинж гэдэг. Тиймээс зах зээл хөгжихийн хэрээр хууль зүйн салбар яваандаа дагнах чиг хандлага аяндаа тогтоно.
-Шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэдэг том агуулга яригддаг. Манайд энэ итгэл суларсан гэж үзэх нь ч бий. Тиймээс үүнийг нэмэгдүүлэх, баталгаажуулах асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хүн бүр хичээх хэрэгтэй гэж боддог, энэ нь дан хуульчдын хийх ажил биш, эцсийн дүнд хувь иргэн бүрийн цаашлаад улсын үндэс тусгаар тогтнолын асуудал байдаг. Өмгөөлөгчийн хувьд өөрийн туслалцаа үзүүлж буй хэрэг маргааны үед шүүх үйлчлүүлэгч хоёрын гүүр, шүүхэд итгэх итгэлийг тавих анхны цэг болж ажиллах ёстой гэж үздэг. Үйлчлүүлэгчдээ хуулийг ойлгомжтой тайлбарлан, гаргалгааг олох, үйлчлүүлэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан, бүхий л шударга арга хэрэгслээр түүнд туслалцаа үзүүлэх маань шүүхэд итгэх итгэлийг төрүүлдэг анхны алхам. Цаашлаад шүүгчийн туслах, түүний харилцаа хандлага, шүүх хуралдааны танхим зэрэг нь шүүхэд итгэх итгэлийн нэг хэсэг. Хамгийн чухал нь шүүгчийн шийдвэр юм, шүүгч шийдвэрээрээ хэргийн үнэн мөнийг сайхан тайлбарлаад, гарцаагүй шударга шийдэл гаргахад хэн хүнгүй ойлгож хүндэлж хүлээн зөвшөөрнө шүү дээ. Сайхан шийдсэн хэргүүд зөндөө байдаг, уран гоё шийдэлтэй хэргүүд олон тохиолдоно. Хэдийгээр нэг тал гомдолтой үлддэг байж болох ч хамгийн зөв шийдэл гэдгийг хэн хэн нь ухамсарлан үлдэх тэр мөчид шүүхэд итгэх итгэл бий болж байдаг.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-12 10:58:03
шүүх тушаалтангууд юу ч хиж чадахаа больж дээ. нэг мал компаний захиралыг ялалаад алж чдахгүй байна шүү дээ.