НҮБ-ын тэргүүн үр тарианы гэрээг сэргээхээр Эрдоган, Зеленский, Лавров нартай уулзана
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг сэргээх хүчин чармайлтын хүрээнд Турк, Украины удирдагчид, Оросын Гадаад хэргийн сайдтай ирэх долоо хоногт болох НҮБ-ын чуулганы үеэр уулзана гэж лхагва гарагт мэдэгдлээ
“Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сэргээн хэрэгжүүлэхийн тулд миний бие боломжтой бүхнийг хийхээр шийдлээ” гэж А.Гутерреш сэтгүүлчдэд мэдээлжээ. Гэхдээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай хэзээ уулзах
тухайгаа дурдсангүй.
Бордооны экспортод тулгарч буй саад тотгорыг арилгах, Оросын төрийн өмчит Хөдөө аж ахуйн банкийг “SWIFT” олон улсын төлбөрийн системд оруулах зэрэг шаардлагыг “одоог хүртэл хэрэгжээгүй” гэж үзэн ОХУ үр тарианы гэрээг долоодугаар сард зогсоосон юм.
2022 оны долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ нь дэлхийн үр тарианы хамгийн том экспортлогчдын нэг Украины улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүний урсгалыг сэргээж, үнийн өсөлтийг хазаарлаж, дэлхийн хүнсний хямралыг сааруулахад хувь нэмэр оруулсан билээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хувьд дэлхийн улс орнуудын удирдагчид хуран чуулдаг НҮБ-ын чуулганд анх удаа биечлэн оролцох гэж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Иргэн [202.55.188.83] 2023-09-14 17:51:34
Тусламж нэрээр баруун европ руу үр тариа хулгайлаад байсныг Оросууд мэдээд зогсоосон.