БНАСАУ: Удирдагч Кимийн айлчлал Оростой харилцах харилцаанд шинэ хуудас нээсэн

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Оросын Алс Дорнодод хийсэн айлчлал долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Энэхүү айлчлал Оростой харилцах харилцааны хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж Умард Солонгосын төрийн хэвлэлд мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч Алс Дорнодын холбооны их сургууль болон Владивостокийн хэд хэдэн газарт зочилсныхоо дараа хуягласан галт тэргээрээ эх орноо зорьсон. Пехньяны удирдагч Ким Жон Уныг Владивостокийн төмөр замын төв өртөөн дээр Оросын Эрдэс баялаг, байгаль орчны сайд, Примор мужийн захирагч зэрэг төлөөлөгчид албан ёсоор үдэж өгч байгаа гэрэл зургуудыг телевизээрээ дамжуулан үзүүлсэн байна.

Умардын удирдагч өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын төрийн тэргүүнтэй уулзаж, Оросын зэвсгийн үйлдвэрүүд, орчин үеийн байлдааны техникүүдтэй танилцсан.

Мөн бямба гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Умардын удирдагчид дуунаас хурдан пуужин, стратегийн бөмбөгдөгч онгоц зэрэг орчин үеийн зэвсгүүдээ үзүүлсэн. Умардын эрх баригч Алс Дорнодын холбооны их сургуульд зочлохдоо тус сургуулийг хоёр орны шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ.

Харин олон улсын хэвлэлүүд ОХУ-ын эрх баригчдын Умард Солонгосын төрийн тэргүүнд барьсан бэлгийг онцолж мэдээлж байна. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Умардын төрийн тэргүүнд “Ушанка” загварын үслэг малгайг гоёлын илдний хамт бэлэглэсэн бол Приморын хязгаарын захирагч түүнд сумнаас хамгаалах иж бүрэн хувцас, дулаан орчин камерт илрэхээс хамгаалдаг хувцас зэргийг бэлэглэжээ.

Түүнчлэн Приморын хязгаарт үйлдвэрлэгдсэн камиказе дрон таван ширхэг, тагнуулын зориулалттай Гран-25 дрон нэгийг түүнд бэлэглэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Орос, Умардын удирдагчид харилцан буу бэлэглэсэн тухай хэвлэлүүдээр мөн мэдээлж байсан. Энэ нь Ким Жон Уны хувьд цар тахлаас хойш хийсэн анхны гадаад айлчлал төдийгүй 2019 оноос хойш ОХУ-д хийсэн анхны айлчлал юм. ОХУ болон Умард Солонгос нь уламжлалт холбоотон, түншийн харилцаатай.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.183] 2023-09-23 16:22:06

АНУ-д амьдардаг монголчууд Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм. Тэд Монголчуудыгаа хорлож, АНУ-д амьдрах эрхээ сунгуулдаг бололтой.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.