Японд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы төв хэсэгт болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингуудын дороос хүмүүсийг эсэн мэнд олж аврахын тулд аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна. Шинэ оны эхний өдөр болсон байгалийн гамшигт амь эрсэдсэн хүний 73-т хүрч нэмэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас Япон тэнгисийн эрэг дэх Ишикава мужийн Важима хотын дэд бүтэц ихээхэн сүйдсэн бөгөөд түймэр гарснаас хойш хоёр хоног өнгөрч байгаа боловч гамшгаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй хэвээр байна.

Лхагва гаргийн орой Ишикава мужийн засгийн газар Важима, Анамизү хотод өнөөг хүртэл сураггүй хэвээр байгаа 15 хүний мэдээллийг олон нийтэд дэлгэж, уг жагсаалтад орсон хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгааг мэдэгджээ. Аврах ажиллагаанд барилгын нуранги, эвдэрч сүйдсэн замууд саад болж байсан бол бороо орж нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

Орон нутгийн эрх баригчид Өөрийгөө хамгаалах хүчний /SDF/ алба хаагчдыг тусламж үзүүлэх ажиллагаанд илгээхийг төв Засгийн газраас хүссэнтэй холбоотойгоор SDF зарим бүс рүү тусламж илгээхэд нисдэг тэрэгнүүдийг ашиглахаар төлөвлөж байна. Засгийн газар гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж буй SDF-ийн алба хаагчдын тоо одоогоор 1000 байгааг 2000 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Токиогийн Ханэда нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн нисэх онгоц Японы эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдсөн нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдэд тусламжийг түргэн шуурхай хүргэхэд саад болж магадгүй гэж олон нийт санаа зовниж буй энэ үед К.Фүмио осол гарснаас нэг өдрийн дараа хэвлэлийнхэнтэй уулзсан байна.

Тэрбээр тусламжийн ажиллагаанд онгоцны осол ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэж үзэхгүй байгаагаа илэрхийлээд, гамшигт өртсөн бүс нутгуудад тусламж хүргэх ажил тогтвортой урагшилж байгааг онцолжээ. Мөн аврах, эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр 2000 гал сөнөөгч, 740 цагдааг дайчлахаар шийдвэрлэснийг дурдсан байна.

Ишикава мужид 33 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 30 мянга гаруй байшин цахилгаангүй байгаа бол Ишикава болон хөрш зэргэлдээх Тояма, Нийгата мужид 110 мянган айл өрх усны хангамжгүй болсон байна. Японд газар хөдлөлтийн хүчийг долоон шатлалаар хэмждэг бөгөөд VII түвшний газар хөдлөлтийн үед хүмүүс зогсож чадахгүй болдог гэж тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд 2018 онд Хоккайдод ийм хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Zochin [178.165.185.78] 2024-01-04 14:44:26

Japan d zugeer naad hereglej chadahgui baigaa Gowi Nutagaasaa 99 jiliin hugazaatai hulsluulchih. Yun Singapur yun Hongkong. Mongoliin gowi shuud hugjuud. Mongol China aas aihgui bolno. 1 sumaar 2 Tuulai buud Mongolchuudaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.