Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үнэлжээ
Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн онд эргэн төлөх Евро бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Энэ нь тус банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхийн зэрэгцээ банкуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулах үндэслэл болжээ.
Тодруулбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody's” агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд үнэлэн хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээ (Baseline Credit Assessment)-г CAA2 түвшнээс CAA1 хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэ талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.
“Moody's” агентлаг нь Хөгжлийн банкны 2023 оны 4 дүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр мөн оны 10 дугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг бууруулж болзошгүй байдлыг хянаж байсан аж.
Монгол Улсын Хөгжлийн банк нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үнэлснийг "Moody's" агентлаг онцолжээ.
Олон улсын агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд үнэлж, банкны суурь үнэлгээг ахиулснаар Хөгжлийн банк нь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал үр нөлөөтэй юм гэдгийг мэдэгдэж байна.
Сэтгэгдэл